Алдартай хөлбөмбөгчид ба дасгалжуулагчдын “дуртай” дуу хөгжмүүд

2014 оны 11 сарын 24
Данийн алдарт зохиолч, үлгэрийн ертөнцийн эцэг Ханс Кристиан Андерсен нэгэнтээ “Үгийн хүчээр хүрэхгүй оргилд хөгжмийн эгшгээр гардаг“ хэмээн та бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон дуу хөгжмийн талаар уулга алдаж байв.
Арга ч үгүй биз, гудамжаар алхаж байхдаа, амарч зугаалж байхдаа, ажил хөдөлмөр хийж байхдаа ч байнга л дуу хөгжимтэй холбогдож явдаг хүмүүс цөөнгүй. Тэгвэл энэ удаад бид хүндлэн, биширч явдаг хөлбөмбөгчид болон дасгалжуулагчид нар маань яг ямар хөгжмийг ихээр таашаадаг талаар сонирхов.

ЖОВАННИ ТРАПАТОННИ

Италийн дээд лиг сериа А - ын долоо, Германы Бундеслиг, Португалын Пример лигийн аваргыг тус тус дасгалжуулагчийн хувьд хүртэснээрээ олноо алдаршсан хамгаалалтын мэргэжилтэн гэгддэг алдарт дасгалжуулагч Жованни Трапатонни нь сонгодог урлагийн шүтэн бишрэгч юм. Тэрбээр “FIFA.com” - д өгсөн нэгэн ярилцлагадаа “Та Моцартыг сонсоод үз. Магадгүй хөлбөмбөгийг өмнөхөөсөө илүү тоглоно байх...“ гээд мөн сонгодог хөгжмийн хөг аялгуу нь тамирчин хүний логик сэтгэлгээг мэдэгдэхүйцээр тэлж чаддаг хэмээсэн юм.

ЛИОНЕЛЬ МЕССИ

Дөнгөж хорин нэгэн насандаа Европын шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” (2009 он хүртэл) шагналыг хүртэж байсан Лионель Месси нь өнөө цагийн хөлбөмбөгийн оргил нь гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Фифагаас олгодог оны шилдэг хөлбөмбөгчний дөрвөн удаагийн эзэн маань Латин Америкаас гарал “Cumbia” хөгжмийг ихээр таашаадаг төдийгүй хамгийн дуртай уран бүтээлч нь нутгийн ах Серхио Торрес гэнэ. Дуучин Серхио Торрес нь Мессид зориулж "La Octava Maravilla" буюу утгачилбал “Дэлхийн найм дахь гайхамшиг” гэсэн дууг хүртэл хийгээд амжсан байна.

АРСЕН ВЕНГЕР

Франц мэргэжилтэн Арсен Венгер нь Лондоны “Их Буучид” - ыг арван найм дахь жилдээ удирдаж байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө 65 насны ойн баяраа тэмдэглэсэн юм. Хөлбөмбөгийн судлаач шинжээчид түүний Английн хөлбөмбөгт авчирсан хувьсгалыг ам уралдан ярилцдаг ч 2014/15 оны улирал эхэлснээс хойш “Le Professeur” маань багагүй сөрөг шүүмжлэлүүдийг хүртээд байгаа билээ. Тэрбээр нэгэн сэтгүүлд жолооны ард суухдаа дал наяад оны поп, классик хөгжмийг илүүд үздэг тухайгаа өгүүлсэн байдаг бөгөөд бусадтай харьцуулахад дуу хөгжим, кино зэрэгт төдийлөн их цаг хугацааг зарцуулах зав байдаггүй тухайгаа өгүүлжээ.

КРИШТИАНУ РОНАЛДУ

Ла Лигийн нэг улиралд өрсөлдөгч бүх багийнхаа хаалганд гоол хийсэн анхны, хоёр улирал дарааллан мэргэжлийн лигт дөчөөс илүү гоол хийсэн анхны, Европын Аваргуудын лигт гурван улирал дарааллан арваас илүү гоол хийсэн анхны гээд түүний рекорд амжилт, гавьяа шагналыг дурьдаад барахгүй эрхэм бол маргаангүй Криштиану Роналду билээ. Сэтгүүлч болгоны анхаарлын төвд байдаг түүний хувьд “Алтан Бөмбөрцөг” - ийн хоёр удаагийн шагналт Английн алдарт дуучин, бөмбөрчин Фил Коллинзын шүтэн шишрэгч төдийгүй зул сараар Коллинзын хүүхдүүдэд баярын бэлэг хүртэл явуулж байсан удаатай гэнэ.

ЗЛАТАН ИБРАГИМОВИЧ

Их Британий алдарт “The Guardian” сэтгүүлээс 2013 оны арванхоёрдугаар сард гаргасан дэлхийн шилдэг гурван хөлбөмбөгчний нэг нь Шведийн бүх цаг үеийн мэргэн бууч Златан Ибрагимович байв. Тэрбээр хурц, ширүүн ааш араншингаараа олноос сөрөг шүүмжлэлийг ихээр хүртдэг ч очсон баг болгондоо гоолын хур оруулдаг гэдэгтэй хэн ч маргахгүй билээ.

Тэгвэл өнгөрсөн жил дуулиан шуугиантайгаар “Jag Ar Zlatan” буюу “Би бол Златан“ номоо олонд танилцуулсан түүний хамгийн дуртай урсгал нь регги гэнэ. Бага зэрэг хачирхалтай санагдаж болох ч тэрбээр хэд хэдэн удаа энэ талаараа дурссан ч хурц ширүүн тоглолт нь үгүй болох вий гэсэндээ тоглолтын өмнө дуртай хөгжмөөсөө зайлсхийхээс өөр аргагүй болдог гэжээ.

СЭР АЛЕКС ФЕРГЮСОН

Гурван арван жилийг Улаан чөтгөрүүдтэй элээсэн Шотландын алдарт дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон нь Английн лигийн аваргыг арван гурван удаа, Европын Аваргуудын лигт хоёр удаа, ФА цомын тэмцээнд таван удаа түрүүлсэн зэрэг клубын хэмжээнд авч болохуйц бүхий л шагнал урамшууллыг хүртсэн юм. Тэгвэл Фергюсоны хамгийн дуртай хамтлаг нь Манчестерийн унаган уран бүтээлчид болох “The Stone Roses” ажээ. Энэ нь 1983 оноос уран бүтээлээ туурвиж байгаа Английн рок хамтлаг юм.

УЭЙН РУНИ

Таван одтой зочид буудалд *иеэ үнэлэгчтэй нэр холбогдож, ёс зүйн хүмүүжил муутайгаараа шүүмжлүүлж явсан Уэйн Руни нь өдгөө Английн шигшээ болон Манчестер Юнайтед клубын ахлагчийн туузыг зүүгээд байгаа юм. Тэрбээр өөрийн биеийн багагүй хэсгийг шивээсээр гоёсон байдгийг хөлбөмбөг сонирхогчид андахгүй бизээ.

Тэгвэл түүний баруун гарын шуун дээр орших “Just Enough Education To Perform” гэсэн нь Уэльсийн альтернатив рок хамтлаг “Stereophonic” - ын 2011 онд гаргасан цомгийн нэр аж. Хэдийгээр энэхүү шивээс нь өөр давхар утгыг агуулж болох ч түүний хамгийн дуртай хамтлаг нь маргаангүй “Stereophonic” юм.

ФРАНК РИБЕРИ

2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт, Германы “Бавари Мюнхен” клубын хагас хамгаалагч Франк Рибери нь алдарт Зинедин Зидан, Арсеналын амьд домог Тьерри Анри нараас хойш гарч ирээд буй Францын хөлбөмбөгчдөөс яахын аргагүй хамгийн шилдэг нь юм. Түүний хувьд Франц хип хопыг багаасаа сонсож ирсэн бөгөөд нутаг нэгт уран бүтээлчдийнхээ тоглолтонд цөөнгүй удаа уригдан сонирхож байсан билээ.

ПЕП ГУАРДИОЛА

2013/14 улирал алдарт дасгалжуулагч Юпп Хайнкесийн халааг авсан Пеп Гуардиола нь хамгийн сүүлд буюу 2014 оны таван сард “Ghost Stories” цомгоо гаргасан Их Британий алдарт “Coldplay” хамтлагийн шүтэн бишрэгч ажээ. Германд суурьшсан даруйдаа өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр “Мэдээж би багийн тамирчдынхаа хувцас солих өрөөний хөгжмийн сонголтонд хөндлөнгөөс оролцохгүй ч миний сонголт бол “ColdPlay” байх болно.“ гэжээ.

СТИВЕН ЖЕРРАРД

Хөлбөмбөг сонирхогчдын дунд үеийн үед яригдаж ирсэн, хойшид ч яригдах Истанбулын оройн гол дүр нь яахын аргагүй Стивен Жеррард байв. Мөн тухайн тэмцээндээ хамгийн залуудаа багаа удирдан түрүүлсэн тамирчдын жагсаалтад хоёрдугаарт буюу 1998 оны дэлхийн аварга Дидье Дешамын дөнгөж ард бичигдэв. 2015 оны зун Ливерпүүлтэй байгуулсан гэрээ нь дуусах Стивен Жижи нь мөн л Фил Коллинзын дуу хөгжмийг ихээр таашаадаг гэнэ.

ХАБИ АЛОНСО

Дэлхий & Европын аварга Испаний хөлбөмбөгчин Хаби Алонсо нь 2014 оны Бразилд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний таагүй амжилтынхаа дараа энэ оны найман сард шигшээ багаасаа зодог тайлсан юм. Хэдийгээр Реал Мадридын шинэчлэлтийн хүрээнд Ливерпүүлээс өндөр үнээр ирсэн ч түүний аав нь гол өрсөлдөгч Барселонагийн хамт хоёр ч удаа Испаний аварга болж байсан гэдэг.

Германы акул Бавари Мюнхентэй 2016 оны зун хүртэл 2 жилийн гэрээ үзэглэсэн Хаби Алонсогийн хамгийн дуртай уран бүтээлч нь Аргентины рок од Андрес Каламаро бол хамгийн дуртай дуу нь “Red Hot Chili Peppers” - ийн “Otherside” юм байна.

ТОМАС РОСИЦКИЙ

Дундын шугамнаас довтолгоог найруулан эхлүүлэх хосгүй чадвараараа хөлбөмбөг сонирхогчдоос “Бяцхан Моцарт” гэх нэрийг хүртсэн Арсеналын хагас хамгаалагч Чехийн хөлбөмбөгчин Томаш Росицкий нь метал рокын томоохон шүтэн бишрэгч гэдгийг “Их Буучид” - ын хөгжөөн дэмжигчид андахгүй ч бусад хөлбөмбөг сонирхогчид төдийлөн мэдэхгүй л болов уу. Түүний хамгийн дуртай хамтлаг нь мэдээж алдарт “Metallica” билээ.

ЖОЗЕ МОУРИНЬЮ

Очсон клуб болгондоо амжилтын хур буулгадаг гэгддэг Португалын мэргэжилтэн Жозе Моуринью буюу “Онцгой нэгэн” (өөрийн хэлснээр) нь Канадын дуучин, хөгжмийн зохиолч Брайан Адамсын дотны найз төдийгүй түүний дуунд хэн хүнээс илүү дуртай гэдгээ Малайзын нэгэн ярилцлагын шоунд оролцож байх үеэр дурьдсан байна.

ЖОИ БАРТОН

Сахилга бат дэг журмын өөр нэгэн томоохон асуудалтай хөлбөмбөгчин нь “QPR” клубын хагас хамгаалагч Жои Бартон юм. Багаасаа бие бялдрын хувьд өв тэгш хөгжсөн Жои Бартон нь өсвөр насандаа хөмбөмбөгөөс гадна регби тоглодог байсан нь хожмын зан авирт нь нөлөөлсөн байж болох.

Тэрбээр дуртай хөгжмийнх нь талаар асуусан сэтгүүлчийн асуултанд “Xүний амьдрал дуу хөгжимгүй бол тэр чигээрээ алдаа болно” гээд хамгийн ихээр таашаадаг уран бүтээлч нь альтернатив, инди поп урсгалаар тоглодог байсан Манчестерийн уугуул “The Smiths” гэсэн юм. “The Smiths” хамтлаг нь 1982 онд байгуулагдсан боловч таван жил уран бүтээлээ гаргаж байгаад 1987 онд тарсан билээ.

ЛЕЙТОН БЕЙНС

Хуучинсаг үсний засалтаараа алдартай Английн шигшээ болон Эвертон клубын зүүн жигүүрийн хамгаалагч Лейтон Бейнс пессимист үзэлтэй гэдгээ нуугаагүй ч хөлбөмбөгчид дундаа хөгжмийн сонголт хамгийн сайтай нь гэнэ. Тэрбээр “Arctic Monkeys” - ын Алекс Тёрнер болон “The Last Shadow Puppets” - ын Майлз Кейний дотны найз бөгөөд инди рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг уран бүтээлчдийг түлхүү таашаадаг гэв. Та бүхэнд Лейтон Бейнсийн санал болгож буй Австралийн “Alternative / Psychedelic” чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Tame Impala” хамтлагийн “Elephant” хэмээх бүтээлийг хүргэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12607
0 эможи
keyboard_arrow_up