Хакухо, Кёкүтэнхо нар дээд амжилт тогтоосон энэ оны сүүлийн башё

2014 оны 11 сарын 24

Мэргэжилийн сүмогийн оны сүүлийн башё өндөрлөлөө 

Кюүшюү башё эхнээсээ эхлэн сүүлийн өдөр хүртэл олны анхааралд байж, Монгол сүмочдын хэд хэдэн рекорд амжилтаар өндөрлөлөө. Сүмо сонирхогч дэлхий нийтийн анхааралд өрнөсөн энэ сарын бөрилдаан  "Хакүхо түрүүлж, ёкозүна Тайхогийн амжилттай зэрэгцэх үү,  70, 71 дэх аваргууд хэрхэн барилдах бол, Кёкүтэнхо Н.Цэвэгням шөвгөрөх үү, шинэхэн сэкивакэ Ичиножёо А.Ичинноров хэрхэн өрсөлдөх вэ гэсэн олон арван таамаг, эргэлзээ дунд эхэлж, дуусан дуустлаа сонирхолтой хэвээр үргэлжиллээ. 

Хакухо 32 дахь цомоо өргөж, Тайхо аваргын "ачыг хариулав"

Кюүшюү башёгийн сүүлийн өдөр ирэхэд башёг 13 даваа, нэг унаатайгаар ёкозүна Хакүхо ганцаараа тэргүүлж, түүний араас 12 даваа, хоёр унаатай ёкозүна Какүрюү нэхэж байлаа. Башё өндөрлөх Хакүхо нэг унахдаа тэмцээний зургаа дахь өдөр Такаясүд, Какүрюү 11 дэх өдөр озэки Кисэносатод, 13 дахь өдөр ёкозүна Харүмафүжид унасан. 

Тэдний хувьд сүүлийн өдөр барилдахаар оноолт таарсан юм. Какүрюүд боломж олдсон ч Хакүхо нэмэлт барилдаан гаргах нөхцөлийг хааж, "тачиан" дээр давуу байдалтай болсноор "маваши"-ны барьцнаас түрж гаргасан. Ийнхүү Мэргэжилийн сүмогийн 69 дахь эх аварга, МУГТ Мөнхбатын Даваажаргал сүмод зодоглож буй бүх цаг үеийнхээ 32 дахь түрүүг хүртэж, өнгөрсөн зууны домогт сүмоч Тайхо аваргын "ачыг хариуллаа." 

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиосон энэ өдөр мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн ч өрсөлдөөн дүүрэн өрнөлөө. Тэр дундаа мөнхийн гэгдэж байсан дээд амжилттай 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал зэрэгцэж ирсэн юм. Түүний хувьд энэ жил 29 настай бөгөөд дахин нэг түрүүлж, дээд амжилтыг ганцаар эзэмшиж, улмаар 40 түрүү рүү тэмүүлэх боломж бий.

Мөн тэрээр шагнал гардуулах мөчид төрөлх Монгол хэлээрээ “Бөртэ чоно, Гуа маралын удмын хүү би өөрийн хайртай Тайхо аваргынхаа ачийг хариулж, Монголын ард түмэн хүчтэй, эвтэй байвал "юманд" хүрч чаддаг юмаа гэдгийг харуулж чадсандаа туйлын их баяртай байна хэмээж элэг нэгтнүүдээ баярлуулав.

Сүмогийн "Алтан хараацай" 40 насандаа "дайчин барилдаан" шагнал хүртлээ 

Монголын сүмогийн алтан хараацай, МУГТ Нямжавын Цэвэгням Кюүшюү башёд 10 ялж, дээд зиндаанд 50 хувийн амжилт үзүүлсэн хамгийн ахмад бөхийн амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өнгөрсөн зуунд барилдаж байсан Ноширогата 1935 оны зуны тэмцээний дээд зиндаанд 40 нас нэг сар 15 хоногтойдоо 50 хувийн амжилт гаргасан байдаг байна. Кёкүтэнхо энэ тэмцээний дайчин бөхийн шагнал хүртсэн юм. Түүний хувьд уг шагналыг долоо дахь удаагаа авч байгаа бөгөөд 40 насандаа авсан нь бас нэгэн дээд амжилтыг бичлээ.

Башёг манайхан авлаа

Дээд зиндаанд Монголын 10 бөх барилдсанаас 9 нь тавиас дээш хувийн амжилт үзүүлсэн бөгөөд Харүмафүжи 11-4, Какүрюү 12-3, Ичиножёо 8-7, Тэрүнофүжи 8-7, Тамаваши 8-7, Кёкүтэнхо 10-5, Таканоива 3-12, Араваши 8-7, Кёкүшюүхо 8-6, Тамаваши 8-7 гэсэн амжилтаар башёг өндөрлүүлэв. Мөн жюүрёод барилдсан хашир туршлагатай Токитэнкү А.Хүчитбаатар 12-3 амжилтаар түрүүллээ. Түүний хувьд 10 жилийн дараа жюүрёод түрүүлж байгаа нь энэ.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12584
0 эможи
keyboard_arrow_up