"Спортлог-Улаанбаатар" бүх нийтийн өдөрлөг энэ амралтын өдөр болно
Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 375 жилийн ой тун удахгүй болох гэж байгаа билээ. Ойд зориулан олон арга хэмжээ болж байгаагийн нэг нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/766 дугаар захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн үйл ажиллагааг энэ сарын 18-ны өдрийн 10 цагаас 17 цагт Чингисийн талбайд зохион байгуулахаар болсон тухай Нийслэлийн Биеийн тамир спортын газраас мэдээллээ.
Мэдээллийг Биеийн тамир, Спортын хорооны ахлах мэргэжилтэн А.Болдмаа, Сонгино хайрхан дүүргийн Биеийн тамир спорт хорооны дарга Ц.Ганхүү болон Монголын залуучуудын холбооны тэргүүн Б.Эрдэнэбат болон Эмнести интернешнл байгууллагын төлөөлөгч нар сэтгүүлчдэд өглөө. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга, хурлын нарийн бичгийн дарга, Засаг даргын тамгийн газрын хэлтэс албад, Нийслэлийн захирагчийн ажлын алба, харъяа газрууд болон дүүргийн биеийн тамир спорт хороодууд оролцохоор болсон байна. Тус өдөрлөгийн үеэр Монгол улсаа төлөөлөн тэмцээн уралдаанд оролцож медаль авсан тамирчидад шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд энэ үеэр олон спортын арга хэмжээг зохион байгуулах юм байна. “Спортлог Улаанбаатар” өдөрлөг нь нийслэлд биеийн тамир спортын талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчилах, төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаг танилцуулах болон нийслэлийн иргэд өөрсдийн биеэр оролцох зэргээрээ онцлогтой юм байна.