Алтан медальт ахмад тамирчдыг сайд хүлээн авч уулзлаа
Ахмадын баярын өдрийг тохиолдуулан ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл өчигдөр хүндийн өргөлт, чөлөөт бөх, хөнгөн атлетик, паурлифтинг зэрэг спортоор хичээллэж, 2007 оноос эхлэн дэлхийн томоохон тэмцээнүүд алт,мөнгө, хүрэл медаль авсан 22 ахмадыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Ахмад тамирчид өнөөдрийг хүртэл тив, дэлхийн тэмцээнээс 96 медаль авснаас 62 нь алт, 14 нь мөнгө, үлдсэн нь хүрэл ажээ. ССАЖЯ-наас Спортын тухай хуулийг удахгүй өргөн барих гэж байгаатай холбогдуулан ахмад тамирчдаас саналыг нь сонсож, ярилцлага өрнүүлсэн юм.
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Спортын тухай хуулийн үзэл баримтлалыг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар оруулж батлуулсан. Удахгүй хуулийг нь өргөн барихаар манайхаас бэлтгэж байна. Энэ хүрээнд нэгдүгээрт нийтийн биен тамир, эрүүл амьдралын хэвшил, сонирхогдчын спорт, мэргэжлийн спортыг дэмжихэд анхаарах юм. Сонирхогчдын гэдэг бүлэг дотор ахмадын сонирхогчдын биен тамирын спортыг дэмжих тал дээр хуульд заалт оруулах болно” хэмээсэн. Ахмад тамирчдын зүгээс тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад замын зардлыг буцаан олгодог болох зэргээр хуулиндаа тодорхой заалт оруулахыг сайдаас биечлэн хүслээ.
Учир нь, тив, дэлхийн тэмцээнээс ахмад тамирчид өөрийн зардлаар яваад өндөр амжилт гаргаад ирэхэд, төр засгийн зүгээс санхүүгийн болон сэтгэл санааны ямар нэг дэмжлэг үзүүлдэггүй байдлыг өөрчлөх хэрэгтэйг ахмад тамирчид сануулав. Ахмадуудын энэхүү саналыг авч, хуулиндаа тусгахаар ажиллах болохоо ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл онцолсон юм. Дашрамд дурдахад, улсын төсвөөс жилд таван тэрбум төгрөгийг 24 төрлийн спортыг төрлийг дэмжих, дээш гаргахад зориулан мөнгө зарцуулдаг ажээ.