“Улаанбаатар” Олон Улсын кино наадам-2014 болно
Соёл, спорт, аялал жуулчлалын яам “Улаанбаатар” Олон Улсын кино наадам-2014 Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Туркийн Элчин Сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран энэ сарын 8-12-ний хооронд нийслэл хотноо болох гэж байна. Өнгөрсөн жилээс зохион байгуулж ирсэн тус наадам энэ жил хүрээгээ тэлэн үзэгчидтэй уулзах нь.
Монголын кино урлагийн салбарын хөгжлийг хангах, тус салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх энэхүү наадам нь Дэлхийн шилдэг кино бүтээл, Туркийн кино өдөрлөг, Берлиний Олон Улсын Кино Наадмын дэргэдэх “Дэлхийн Кино урлагийн сан”-гийн шилдэг бүтээлийн өдөрлөг, Монгол кино хөтөлбөр гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх юм байна.
Тус наадмын хүрээнд Берлиний Олон Улсын Кино Наадмын дэргэдэх “Дэлхийн Кино Урлагийн Сан”-ийн шилдэг 3 бүтээлийг олон нийтэд танилцуулах бөгөөд тус сангийн ажилтан Mажоре Бенедек тус наадамд уригдан оролцох болно. Дэлхийн Урлагийн сан нь хөгжиж буй орны уран бүтээлчдэд Германы найруулагч болон продюсертай хамтарсан бүтээл хийхэд дэмжлэг үзүүлдэг билээ. Харин Монголын уран бүтээлчид энэ дэмжлэгт хамрагдах боломжтой бөгөөд түүнийг хэрхэн авч болох талаар энэ сарын 10 нд МУЗ-ийн “Улаан гэр” галерейд зохион байгуулагдах “Улаанбаатар кино форум”-ын үеэр мэдээлэл авах боломжтой.
Мөн тус кино форумд Роттердам Олон улсын кино наадам, Каннын шүүмжлэгчдийн долоо хоног, Братислав Олон улсын кино наадмын зөвлөх Паола Бертоли, Данийн Копенгагены Их Сургуульд “Монголын кино 1990-2011 -Үндэсний онцлог ба хамаарал” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан Данийн кино судлаач Нис Грин зэрэг салбарын нэр хүндтэй төлөөлөл оролцож, дэлхийн кино урлагийн чиг хандлага, Монголын уран бүтээлчидтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг хийнэ.
Түүнчлэн наадам зохион байгуулагчид энэ жилээс хамтран “Монгол Кино Хөтөлбөр”-ийг Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан нь тус наадмын нэгэн онцлог бөгөөд 2013-2014 онд бүтээгдсэн найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, залуу найруулагч М.Ивээлийн “Цэн Тогоруу” зэрэг бүтээлийг олон нийтэд үзүүлнэ. Мөн 2014 онд бүтээгдсэн бөгөөд нээлтээ хийгээгүй кино бүтээлээс сонгон уг наадмын нээлтийн киногоор залуу найруулагч Л.Таванбаярын “Хүдэн” УСК сонгогдож, дэлхийн нээлтээ хийх нь ээ.
ССАЖЯ энэ жилээс эхлэн “Улаанбаатар“ Олон Улсын кино наадмын олон улсын киноноос үзэгчдийн таашаалд нийцсэн киног шалгаруулж, “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг энэ сарын 12-нд гардуулах болно.