"Багшийн авъяасыг алдаршуулъя" урлагийн наадмын шилдгүүд тодорлоо
Дэлхийн багш нарын өдөр болон Монголын багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд БШУ-ны яам НБГ дэмжиж, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбоо, МҮЭ-ийн Соёлын Төв Ордон хамтран зохион байгуулсан “БАГШИЙН АВЪЯАСЫГ АЛДАРШУУЛЪЯ” урлагийн наадмыг өнгөрсөн сарын хугацаанд зохион байгуулж өнөөдөр шагнал гардуулах, гала тоглолт амжилттай боллоо. Тус наадамд 130 гаруй сургууль, цэцэрлэгийн 312 урлагийн номер ,120 гаруй байгууллага,хувь хүний 500 гаруй дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн гарч давхардсан тоогоор 1500 гаруй гишүүд дэмжигчид оролцлоо.
Наадмыг МУГЖ Л.Батжаргал, УГЗ Ц.Жамъяан, БУГЖ Ж.Цэцэгээ нар шүүн явууллаа. Урлагийн наадмын тэргүүн байр гранпри шагналаар БГД-ийн 40-р сургууль шалгарсан бол 2-р байранд БЗД-ийн 87-р сургууль, 3-р байранд БГД-ийн 28-р сургууль тус тус шалгарлаа.
Мөн Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр БГД-ийн 40-р сургуулийн багш Л.Тансармаа, СХД-ийн 112-р цэцэрлэгийн багш П.Саранцэцэг нар шагнуулсан бол БШУЯ-ны жуух бичгээр СХД-ийн 116-р цэцэрлэгийн багш Ч.Янжиндулам шагнуулаа.
Түүнчлэн амжилттай оролцсон авъяаслаг багш нарыг МҮЭ-ийн Соёлын тэргүүний ажилтан, МБШУҮЭХ-ий хүндэт тэмдэг зэргээр шагнан урамшууллаа. Уг наадам монголд анх удаа боловсролын салбарыг хамарсан томоохон арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.