Монголын ноолуур Нью-Йоркийн шоуг чимэв
Дэлхийн өнцөг булан бүрийн авъяаслаг уран бүтээлчдийг нэг дор цуглуулж бүтээлийг нь дэлгэн үзүүлэх, шинэ үеийн залуусын дизайны авъяас, хүсэл мөрөөдлийг дэмжих зорилготой “London-New York” буюу LDNY загварын фестиваль шоу есдүгээр сарын 22-нд Нью-Йорк хотноо зохиогдов. Уламжлалт фестиваль шоу энэ жил НҮБ-ын төв байранд анх удаа зохион байгуулагдсанаараа онцлог юм байна. Олон Улсын Худалдааны Төвийн гүйцэтгэх захирал хатагтай Аранча Гонзалес фестиваль шоуг нээсний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүүний гэргий хатагтай Пан Сүүн Тиак, Их Британий Ерөнхий сайд асан Тони Блэйрийн гэргий хатагтай Черри Блэйр нар оролцогчдод хандан баяр хүргэж үг хэллээ.
Энэ удаагийн LDNY фестиваль шоунд Олон улсын худалдааны төв(ОУХТ)-өөс хэрэгжүүлж буй хөгжиж байгаа орнуудын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чадавхийг сайжруулах, бизнесийн үйл ажиллагааг дэмжих төсөлд хамрагдсан Монголын ноолуурын салбарын эмэгтэйчүүд амжилттай оролцов. Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Нанс Кашемир” ХХК-ийн захирал С.Нансалмаа, “Хатан Сүлжээ” ХХК-ийн захирал Б.Бадамханд, “Сноу Филдс” ХХК-ийн захирал Э.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй багийнхан уг төслийн хүрээнд Парсоны их сургууль, Лондонгийн загварын коллежийн загварын оюутнууд, ОУХТөвийн дизайнерийн багийнхантай хамтран орчин үеийн өвөрмөц шийдэл бүхий загварууд гаргаж, Монголын ноолууран коллекцийг энэ фестиваль шоун дээр танилцууллаа.
LDNY фестиваль шоуны хөтлөгч болон зохион байгуулагч нар монгол ноолуураар гоёсон нь шоунд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдийн анхаарлыг ихэд татаж байлаа. Мөн монгол ноолууран бүтээгдэхүүнийг ихээхэн сонирхож байсны дотор хатагтай Черри Блэйр “Нанс Кашемир” компанийн бүтээгдэхүүнийг худалдан авахаар захиалга өгсөн юм.
ОУХТөвөөс Монголын ноолуурын салбарын эмэгтэйчүүдийн чадавхийг сайжруулах төслийг цаашид өргөжүүлэн, 2014-2016 онд хэрэгжүүлэхээр болсон нь дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц, сайн чанарын загвар дизайн бүхий ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлоход том дэмжлэг болох юм.