Монгол, Швейцарийн фото зургийн үзэсгэлэн гарлаа
Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагаас Берн хотын Байгалийн түүхийн музейтэй хамтран Берн хотноо зохион байгуулж буй “Ааруул ба Жүстисталер: Монгол, Швейцарь гэрэл зурганд” сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлт энэ оны 9 дүгээр сарын 18-ны өдөр болов.
Үзэсгэлэнг нээж Монгол Улсаас ШХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн захирал М.Дахиндэн нар үг хэлэв.
Нээлтийн үеэр Элчин сайд В.Пүрэвдорж Монгол-Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагаа нь Монгол Улсад ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад үнэтэй хувь нэмэр болж ирснийг онцлон тэмдэглээд хөгжлийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж үр дүнд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны удирдлага, тус агентлагийн ажилтнууд болон Монгол дахь салбарын хамт олонд талархал илэрхийлэв.
Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлагын захирал М.Дахиндэн хэлсэн үгэндээ энэ онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн зэрэгцээ Швейцарь-Монголын хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ой тохиож буйг дурдаад энэхүү хамтын ажиллагаа нь улам бүр өргөжин хөгжиж ирсэн бөгөөд одоогоор хөгжлийн тусламжийн төслүүд нь Монголд хөдөө аж ахуй, мэргэжлийн сургалт болон засаглалын шинэчлэлийн чиглэлээр түлхүү хэрэгжиж байгааг тэмдэглэлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Швейцарийн Гадаад хэргийн яам, Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Эдийн засгийн асуудал эрхэлсэн яам, Хууль зүйн яамны төлөөлөгчид болон монгол судлалын эрдэмтэн, оюутнууд, Монголд хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа явуулдаг швейцарийн иргэд оролцлоо.Энэхүү фото зургийн үзэсгэлэн нь манай хоёр орны байгаль орчин, үндэсний соёл, уламжлал зэрэг ижил төстэй зүйлсийг харьцуулан толилуулж байгаагаараа олны анхаарлыг татсан онцлогтой бөгөөд 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Берн хотын Байгалийн түүхийн музейд гарах юм.