Хүүхдийн найрал дууны наадам 22 дахь жилдээ болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Уралдаант наадам зохион байгуулах тухай” А/787 дугаар захирамж гаргалаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмыг энэ жил нийслэлийн 375 жилийн ойд зориулан зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан уралдааны удирдамжийг баталж, бэлтгэл зохион байгуулалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо. Хүүхдийн найрал дууны уралдааны 1-р шатны шалгаруулалт 10 дугаар сарын 8,9,10-нд дүүрэг тус бүрд зохион байгуулагдах бол 2-р шатны шалгаруулалт 10 дугаар сарын 17-нд Монголын хүүхдийн ордонд болно. Нийслэлийн шалгаруулалтаас шалгарсан шилдэг хамтлагууд 10 дугаар сарын 29-нд буюу Нийслэлийн баярын өдөр хүндэтгэлийн тоглолтонд оролцоно.