GO HELP Олон Улсын Хүмүүнлэгийн Байгууллагын “МОРЬТОЙ ҮЛГЭР” төсөл
Go Help Олон Улсын Хүмүүнлэгийн Байгууллага нь 2003 оноос ИБУИНВУ-д албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2009 оны 06-р сарын 08-ний өдөр Монгол улсад суурин төлөөлөгчийн газраа нээж, цаашид хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аван тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Манай байгууллагын зорилго нь хүүхэд залуучуудын хөгжил, хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх болон бие даан хэрэгжүүлэхэд чиглэдэг бөгөөд төслийн үр дүн сайн байна.
Go Help нь 2014 оны 09 сарын 20 өдрөөс эхлэн “Морьтой Үлгэр” төслийг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Төслийн зорилго нь “Зөв Монгол Хүүхэд” үндэсний хөтөлбөрийн зорилтод нийцүүлэн номын сан болон интернетийн буюу мэдээллийн үйлчилгээ огт хүрдэггүй эсвэл хангалттай хүрдэггүй, эмзэг бүлгийн иргэдийн мэдээллийн хэрэгцээг хангаж боловсролд нь хувь нэмэр оруулах явдал юм.
Төслийн хүрээнд дараахь зорилтуудыг тавьж ажиллана:
- Номын сангийн барилга байгууламжгүй хороо, нутаг дэвсгэрт номын сан болон интернетийн үйлчилгээ хүргэх,
- Хүүхдүүдэд ном унших сэдлийг төрүүлэх,
- Хүүхэд болон гэр бүлийн чөлөөт цагаа сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлэн өнгөрөөх орчныг нь бүрдүүлэх,
- Тусламж дэмжлэг шаардлагатай байгаа хүүхдүүдийн боловсрол, сургалтын үйл явцыг баяжуулах,
- Номын сангаар үйлчлүүлэхэд хүндрэлтэй байдаг асрамжийн газар болон асаргаанд байдаг хүмүүст үйлчилэх
Энэхүү төсөлд зориулан бид Eagleмаркийн автобусыг засаж тохижуулан явуулын мэдээллийн төв, номын сангаар ашиглах юм. Ингэхдээ номын сан, интернетийн үйлчилгээг үнэгүй хүргэх ба автобус дотроо сургалт, сурталчилгааны ажилболон зорилтот нийцсэн аливаа арга хэмжээг зохион байгуулах боломжтой.
Уг автобус нь Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг хороод болох Хан-Уул, Налайх дүүрэг хороондочиж үйлчилэхээс гадна Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн төв, ТББ-ууд мөн түүнчлэн эмнэлэг сувилал, асрамжийн газруудтай хамтарч ажиллана. Үүнээс гадна төслийн зорилттой нийцэж байгаа тохиолдолд аливаа боловсролын байгууллага, бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллахад нээлттэй байх болно.
Энэхүү төслийг Go Help олон улсын байгууллагаас бүрэн санхүүжүүлж байгаа ба ном хэвлэлийн тал дээр Эмпати төв, Цэнхэр Гүзээлзгэнэ ХХК нар бидэнд туслалцаа үзүүлсэн. Автобусны гадаад үзэмж, дизайны зургийг өмнө нь Disney, Nickelodeon, Google, зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байсан зураач, график дизайнер Martin Hsu бидэнд гаргаж өгч байгаа. Нийт 7 зургийг ирэх 1 жилийн турш тогтмол гаргахаар төлөвлөөд байна. Харин дотоод заслын зургийг гаргахад бидэнд үйлдвэрлэлийн дизайны Карандаш компани туслалцаа үзүүлсэн билээ.