Монголын яруу найрагчид дээд шагналаа олгов

2014 оны 9 сарын 18

Уянгын яруу найргийн их мастер хэмээн алдаршсан Румыны суут яруу найрагч Михай Еминескюүгийн Олон улсын Академиас зохион байгуулж буй Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёо хүртлээ. Удаах буюу тусгай шагналыг Канадын яруу найрагч Николе Вроссард, Сенегалын яруу найрагч  Амоду Ламине Салл нарт олгосон байна.

Михай Еминескюүгийн нэрэмжит энэхүү Олон Улсын Академийг дэлхий дахинд нэр нөлөө бүхий 19 суут билигт уран бүтээлч үүсгэн байгуулсан бөгөөд тэдний дунд Нобелийн шагналт яруу найрагч Воле Шойенка, Чеслав Милош, Гуйллевик, Сангүнети, Марио Лузи, Исмаил Кадар, Рафаэл Альберти, Еугенио дэ Андраде, Матей Матевски, Миммо Морина болон өнөөгийн уран баримлын дэлхийн хаан хэмээн алдаршсан Италийн нэрт уран бүтээлч  Винченцо Бианки багтдаг ажээ.

 2021 онд Европын Соёлын нийслэл болох зорилт тавьсан Румыний Крайова

хотын Урлагийн музейд болсоннаадмын нээлтийн ёслол дээр тус Академийн еренхийлөгч Ион Деаконеску болон  Крайова хотын амбан захирагч Миа Олгия нар Монголын яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёод Михай Еминескюүгийн Олон улсын Академийн  шагналыг гардуулсан байна. Дэлхийн өнөө цагийн хамгийн агуу уран барималч Винченцо Бианки нар бээр яруу найргийн дээд шагналыг урлаж, өөрийн биеэр гардуулсан байна. Мөн алдарт зураач Константин Михалачи өөрийн зургаа шагнал болгон яруу найрачид барьсан нь содон үйл явдал бөгөөд Академийн шагналыг мөнгөн шагнал дагалдсан байна.

Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн 50 гаруй нэр цуутай яруу найрагч оролцсон энэ наадам Яруу найргийн эрхэм дээд шагналаа Монголын яруу найрагчид олгож буй нь хүн төрөлхтний утгазохиолын эрдэнэсийн санд монгол яруу найраг зохих байраа эзэлж байгаагийн тод илрэл юм хэмээн тус Академийн ерөнхийлөгч Ион Деаконеску хэлсэн байна.

 Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёо энэхүү нэр хүндтэй шагналыг хүлээн аваад хэлсэн үгэндээ; “Европын дундах Крайова хотод надад олгож буй энэ шагнал нь  Монголын их утгазохиол, тэр дундаа манай үндэсний яруу найргийгөнө эртний соёлт Европ тивд хэрхэн өндрөөр үнэлж хүлээн авч байгаагийн тод илрэл гэж үзэж байна. Цаг үе хүний хүсэл таашаал яаж ч хувьсан өөрчлөгдлөө гэсэн жинхэнэ яруу найраг түүнээс үл хамааран үнэт чанараа хадгалан оршиж, хүн төрөлхтний оюуны эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулсаар байх болно” гэж мэдэгдлээ.

Ингээд яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ТЭНГЭРИЙН ХАЯА ХЯЗГААРГҮЙ, НҮҮДЭЛ ТӨГСГӨЛГҮЙ

Mihai eminescuолон улсын утга зохиолын шагнал хүлээн аваад хэлсэн үг

Эрхэм хүндэт Ерөхийлөгч өө, Эрхэм хүндэт хотын дарга аа,

“Mihai Eminescu” –ийн Европийн сангийн гишүүд ээ,

“Mihai Eminescu” Олон Улсын Академийн гишүүд ээ,

Үзэг нэгт яруу найрагч, зохиолч анд нараа, Хатагтай, ноёд оо,

Mihai Eminescu-ийн Олон улсын утга зохиолын эрхэм дээд нэр хүндтэй энэхүү шагналыг хүлээж аваад хувиасаа болон эртний өв уламжлалтай монголын их утга зохиолын өмнөөс гүн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу?

Би бол Монголын дорнод хээр талд төрж өссөн нүүдэлч малчин айлын үр сад. Хөх зэрэглээ мяралзсан тэнгэрийн хаяаг ширтэн тэмээн хөсөгтэй нүүдэл хөтөлж явсан хүүхэд ахуй цагтаа би тэрхүү гүн хязгааргүй алсад одох юмсан; тэнд ер бусын үл танигдах ямар нэгэн таашгүй гайхамшиг бий, түүнийг олж таних юмсан гэж мөрөөддөг байж билээ. Сэтгэл дотор янз бүрийн хийсвэр дүр байдлаар төсөөлөгдөх тэрхүү таашгүй гайхамшигт хүрэх гэсэн гэнэн багийн мөрөөдөл хүүхэд ахуй цагаас минь яруу найргийн ертөнц рүү хөтөлсөн юм. Юунд хүрэх гэж буйгаа би эс мэдэвч тэмээн жингийн асар удаан нэгэн жигд уйтгартай гэмээр аажуухан хэм хэмнэлээр өөрийн хөсгийг хөтлөн нүүсээр байлаа.

Тэнгэрийн хаяа хязгааргүй. Нүүдэл төгсгөлгүй.

Миний хөтөлсөн Монгол найргийн нүүдэл хөсөг Европын соёлын нэгэн өлгий болох Граево хотод, манай дэлхийн нэгэн суут яруу найрагч, уянгын их дууч Mihai Eminescu-ийн төрөлх нутагт түр саатлаа. Монголчуудад нүүдэл тосох гэж нэгэн сайхан ёс байдаг юм. Аян холд нүүж яваа тэмээн хөсгийг харсан хэн боловч, халуун цайгаа чанаад идээний дээжээ бариад амдан ирж зочилдог билээ. Тэрхүү эрхэм ёсыг би Европын тэнгэр дор хүчтэй дурсан санагалзлаа. Хээр талын нүүдэлчин-найрагч намайг та бүхэн ийм өнөр олуулаа хүндэтгэн угтаж, халуун дотноор зочилж, эрхэм дээд шагналаа гардуулж буй энэ өдөр би мөрөөдлийнхөө гэгээн алсыг бодитойгоор олж харж буйгаа дахин мэдэрлээ.

Монголын жирийн нэгэн нүүдэлчин-яруу найрагч би бээр сүүлийн хорь шахам жил өөрийн ард түмний оюуны соёлын охь манлай болсон утга зохиолын үнэт өвийг хүн төрөлхтний зүрх сэтгэлд хүргэх жингийн цувааг хөтөлсөн минь талаар болоогүйд үнэхээр бахархан баярлаж байна. Европын төв дэх Граево хотод надад олгож буй энэ шагнал нь Монголын их утга зохиол, тэр дундаа манай үндэсний яруу найргийг өнө эртний соёлт Европ тивийн соёлт ертөнц хэрхэн өндрөөр үнэлж хүлээн авч байгаагийн тод илрэл гэж би ойлгож хүлээн авч байна.

Монгол хэлээр цөөхөн хүн ярьдаг, нүүдэлчдийн соёл иргэншлийн өвөрмөц ахуй сэтгэлгээ, нийгмийн амаргүй замыг туулсан түүхэн онцлогуудтай монголын утга зохиол, тэр тусмаа яруу найраг; соёлын ялгаатай өрнө дахинд хүрэхдээ олон саад бэрхшээлийг туулсаар байна. Гэвч тэнгэрийн хаяанд сүүмэлзэн айсуй нүүдэлчний хөсөг зугуухан явсаар л байна.

Тэнгэрийн хаяа бас л хязгааргүй. Нүүдэл бас төгсгөлгүй.

Монголчууд өнө эртний яруу найргийн их өвтэй. Хоёрхон мөртэй хос уянгаас эхлээд хорь гуч хоног аялгуулан хэлдэг их хөлгөн туульсыг аян нүүдлийн замдаа зохион хэлдэг. Монгол хэлний сан хөмрөг үлэмж баян. Сансарлаг, байгаллаг, увдислаг чанар монгол шүлэгт үлэмж бий. Миний бодоход монгол хэл бол дотоод амьдлаг эрчим хүч тарнилаг чанараа гэгээгүй байна. Чухам үүнийг яруу найрагт л тогтоон хадгалж чадна.  Монгол найраг зөвхөн хүний сэтгэлд төдийгүй, амьтны аймаг, өвс ургамал, байгаль цаг агаар, уул усны ай савыг улам сайхан болгох ид шид, эрчим хүчтэй гэдэгт манай ард түмэн итгэдэг билээ. Говийн эгэл нэгэн яруу найрагч –малчин Гэлэгбалсан “Тэнгэрээс хур бороо гуйсан шүлэглэл”-ээ зохиож говь нутагт бороо оруулан ган тайлсан тухай хууч бол үүний нэгэн бодит жишээ юм.

Өнөөдөр манай гариг дэлхийд дайн самуун, хүчирхийлэл, ядуурал, өвчин турхан хийгээд байгалийн гамшиг усны үер, газар хөдлөлт, хуурайшил зэрэг зовлон бэрхшээл нүүрлэсээр байна. Чухам ийм үед зовлон бэрхийг зөөллөн хүний сэтгэлийг аврагч аршаан нь чухам яруу найраг л байлтай. Байгаллаг ахуйгаас улам бүр холдон техник технологи материаллаг ахуй давамгайлсан өнөөгийн ертөнцөд яруу найрагч л хүний сэтгэлийг ариусган тунгалагшуулж, төрөлх гэгээлэг чанараа хадгалж үлдэхэд тусалж чадна.

Цаг үе хүний хүсэл таашаал яаж ч хувьсан өөрчлөгдлөө гэсэн жинхэнэ яруу найраг түүнээс үл хамааран үнэт чанараа хадгалан оршиж, хүн төрөлхтний оюун эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулсаар байх болно гэдэг бат итгэж байна.

XIX зууны эхэн хагаст Монголын говь нутагт аж төрж байсан нэгэн суу билигт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Буддын шашны хутагт Данзанравжаа 53 насандаа таалал болохын өмнөх гэрээс шүлэгтээ;

Ертөнц авгай гэдэг би чинь өөрөө юмсанжээ” хэмээн дуу алдсан байдаг. Хорвоо ертөнцийг таних гэж, нээх гэж; түүнтэй найрсаж, бас тэрсэлдэж явсан суут яруу найрагч бээр ийнхүү сүүлчийн мөчид  туулж, нээж гүйцэшгүй, танигдашгүй, хязгаар үгүй ертөнц бол яруу найрагч өөрөө байсныг олж нээсэн байна.

Хүн бол ертөнц юм гэсэн яруу найргийн энэ санаа өнөөдөр улам бүр үнэ цэнэтэй болж байна. Хүн хэмээх ертөнцийн төв буюу зүрх сэтгэлд хүрч оюун сэтгэлгээг нь ариусган тунгалагшуулах, гэгээн төгөлдөрийг бүтээхэд чухамхүү яруу найргийн эрчим долгион, үгийн ид шид л бидний зорилгыг илэрхийлж чадна гэдэгт би бат итгэж байна.

Өөрийн шүлгээс нэгэн бадаг дуудая:

Чимхчимхзүүднойроохугаслан
Чирамхийхбүхнийхээдээжнайргаасшимлэн
Чинийзүрхэндөөрийнхөөчавхдасыголохоор
Хангалөндөруулсынангалхавцгайгөгсөн
Хангилихбартаатайхалилжимийгмөшгин
Хайрынохь-мөнхийндуугааэрсээр
Чамруу л биявжбайна...

Тэнгэрийн хаяа хязгааргүй. Нүүдэл ч бас төгсгөлгүй.

Би бас өнөөдөр өөрийн яруу найргийн багш ХХ зууны Монголын сод яруу найрагч Б.Явуухулангийн нэг мөрийг дурсмаар байна. Тэрбээр: Монголын яруу найргийн өмнөөс өөртөө нэгэн хөтөлбөрийг дэвшүүлснээ нэг шүлэгтээ илэрхийлсэн байдаг:

Шүлэг минь, хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй...” гэжээ. Их найрагч багшийнхаа мөрөөдлийг би дамжуулж байгаадаа баяртай байна.

XXI зууны шүлэгч-нүүдэлчин миний ачаа хөсгөнд монгол яруу найргийн түүхийн бүх үеийн их өв сангийн дээж яваа. Түүнээ та бүхэнтэй хуваалцахыг зөвшөөрнө үү? Өөрийн хичээл зүтгэл, халуун сэтгэлээ чилээн байж Монголын яруу найргийн дээжээс цогцлоон орчуулуулан, эрхлэн  хэвлүүлсэн номын баглааг Mihai Еminescu-н Академийн номын санд барьж байна.

Яруу найргийн үлэмжийн шидэт эрчимээр хүмүүний ертөнцийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8957
0 эможи
keyboard_arrow_up