Ц.Төмөрбаатар: Солонгос киноны довтолгооноос сэргийлэх хэрэгтэй
Соёл спорт, аялал жуулчлалын яамнаас “Монгол контентийн журам” батлахаар ажиллаж байгаа аж. Энэхүү журмыг батлах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Ц.Оюунгэрэл сайдын зөвлөх, жүжигчин Ц.Төмөрбаатар ажиллаж байгаа аж.
Тэрбээр “Бидний хийсэн судалгаагаар телевизүүдийн нийт нэвтрүүлгийн 37 хувьд нь солонгос киног гаргаж байна. Одоогийн өргөн нэвтрүүлгийн хуулиар үндэсний уран бүтээл гэдэгт орчуулсан нэвтрүүлэг, кино ороод байгаа. Шинэ журмаар тухайн нэвтрүүлэг, киноны 1/3-ээс доошгүй хувьд нь монгол хүн буюу үндэсний уран бүтээлчид орсон байх шаардлагатай гэж өөрчлөн зохицуулж өгч байна. Ингэж байж солонгос киноны довтолгооноос сэргийлж чадна. Уран бүтээлчид ч илүү чадваржина” гэсэн юм.
Тэгэхээр “Монгол контентийн журам” батлагдвал телевизүүдийн солонгос сериал эмх цэгцэндээ орох бололтой.