“Азийн олон улсын Хүүхдийн кино наадам"-ын шалгаруулалт болж өндөрлөлөө
Японы Хёого мужид болох "Азийн олон улсын Хүүхдийн кино наадам-2014" наадмын Монгол улс дахь урьдчилсан шалгаруулалт энэ сарын 10-нд болж өндөрлөлөө. Жил болгон зохион байгуулагддаг энэхүү наадам нь энэ жил тав дахь удаагаа болж байгаа бөгөөд СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургууль Япон улсын элчин сайдын яамтай хамтран Монгол дахь шалгаруулалтын явуулдаг билээ.
Энэ жилийн кино наадмын бүтээлийн сэдэв нь "Миний мөрөөдөл".
Тус кино наадамд ЕБС-ийн 7-12-дугаар ангийн сурагчид оролцох эрхтэй. Сурагчид өөрсдийн бүтээлээ энгийн дүрс бичлэгийн камераар авсан 3 минутанд багтаан бичсэн байх. Мөн зохиогчийн тайлбар үг ашиглахгүй байх, ирүүлэх бүтээл нь урьд өмнө уралдаанд оролцоогүй, олон нийтэд дэлгэгдээгүй байх гэсэн үндсэн шаардлагыг хангасан байх зэрэг шаардлага тавигдсан байна.
Шаардлага хангасан 17 сурагчийн 9 бүтээл шалгаруултанд тэнцжээ. Шилдгийн шилдэг 3 бүтээл арван нэгдүгээр сарын 29-нд Япон улсын Хёого мужийн Минами-Аважи хотод нээлтээ хийхээр төлөвлөж буй "Азийн хүүхдийн олон улсын кино наадам"-д оролцох эрхтэй боллоо.
Мөн бүтээл нь шалгарсан 9 сурагч Японы улсын Jenesys байгууллагын зардлаар тус улсад болох кино наадамд өөрсдийн бүтээлээ уралдаанд сойх боломжтой болж байгаа ажээ.