“Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн намрын аян эхэллээ
Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Монгол дахь “National Geographic Traveler” сэтгүүлийн хамтарсан “Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн уралдааны аян амжилттай хэрэгжиж, шилдгүүдээ тодрууллаа.
Зохион байгуулагчдын зүгээс уралдаанд оролцогчдын Хөвсгөл далай, Алтай Таван Богд, хилийн застав, гүзээлзгэнэтэй төгөл, бөлбөө цэцэг ургадаг нуур зэрэг олон газраас илгээсэн 30 гаруй бүтээлээс эхний гурван байр, нэг тусгай байр тодруулсан байна.
I байр – Б.Ундармаа
II байр – Ч.Оюундарь
III байр – О.Соронзонболд
Тусгай байрт Ц.Батболд оржээ. Уг аяныг улирал бүр өөр өөр хэв маягаар зохион байгуулах ба дараагийн аян буюу намрын аян энэ сарын 5-наас ирэх 11 дүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ. Энэхүү аян нь олон нийтэд экологийн боловсрол олгох, эх орныхоо үзэсгэлэнт газруудаар амарч зугаалж байхдаа ч хогоо ил хаяхгүй, эх орноо хайрлах хүнлэг үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.
Энэхүү аяны дүрэм их энгийн. “Та эх орныхоо хаана байна вэ” гэсэн асуултад хариулсан, “Би эх орныхоо энд байна” гэсэн уриа үг бүхий бичгийг гартаа барьсан ганцаараа, гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхдөөрөө, хамт олноороо авахуулсан зургийг илгээх. Хамгийн гол нь хаана байгаагаа баримтжуулсан бичгийг зургийнхаа хаа нэгтээ байрлуулсан байна. Тусгайлан бэлтгэсэн загварыг хэвлэх, эсвэл өөрийн боломжоор уриа үгийг цаасан дээр бичиж болно. Зургаа https://www.facebook.com/mne.mn хуудас руу болон info@nationalgeographic.mn и-мэйл хаяг руу өөрийн нэр, утасны дугаар болон гэрэл зурган дээрх хүмүүс, газар орон, сэтгэгдлээ илэрхийлсэн багахан зурвасын хамт илгээх юм.
Илгээсэн гэрэл зургууд “Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам”-ны албан ёсны фэйсбүүк хуудсан дээр нийтлэх юм байна.