БАЯРТ МЭДЭЭ: Дахин нэг дэлхийн аваргатай боллоо
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны ДАШТ өчигдөр ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д эхэлсэн билээ. 33 дахь удаагийн ДАШТ-д 120 орны 751 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жин болон багийн тэмцээнд хүч үзэх юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон.
Манай бөхчүүдээс 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Д.Амартүвшин, ОУХМ Г.Болдбаатар, 2013 оны Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Отгонцэцэг нар дэвжээнд гарснаас Г.Болдбаатар дэлхийн аварга цолыг хүртлээ.
Манай бусад бөхчүүдийн тухайд эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин эхний барилдаанаа 2010 оны Европийн аварга, Францын жүдоч Софианэ Милоустой хийж, нэмэлт барилдаанд манай бөх торгуулснаар ялагдсан бол эмэгтэйчүүдийн -48 кг-д өрсөлдсөн Г.Отгонцэцэг шөвгийн 32-т, МУГТ М.Уранцэцэг шөвгийн 16-д шалгарсан амжилтыг үзүүллээ.