Rokit Bay: Аавын дүрд орж тоглоход хүндрэлтэй байсан
Тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Эцсийн зогсоол Э цаг” киноны гол дүрд реппер Rokit Bay буюу О.Баярсайхан тоглосон нь онцлог юм. Уг киноны гол дүрийг бүтээсэн Rokit bay-тэй ярилцлаа.
“Эцсийн зогсоол Э цэг” киноны гол дүрийг бүтээж байгаа юм байна. Кинонд тоглох саналыг хэн тавьсан бэ?
-“Эцсийн зогсоол Э цэг” киноны найруулагч надад гол дүрд тоглох санал тавьсан. Зохиолыг нь уншиж үзэхэд таалагдсан учраас саналыг нь хүлээн авч, гол дүр бүтээсэн.
-Өөрт чинь энэхүү киноны яг ямар санаа нь таалагдсан бэ?
-Энэ кино надаас миний мэдэхгүй дүрийг шаардаж байсан учраас тоглох сонирхол төрсөн. Яагаад гэхээр өөрийгөө сорихыг хүссэн л дээ. Зохиол нь сонирхолтой, уйдаахгүй, дотортой зохиол байсан л даа.
-Pokit bay-гийн хувьд бас хэд хэдэн кинонд дүр бүтээсэн гэх мэдээлэл байдаг шүү дээ. Яагаад кино урлагт хүч сорих болов. Ер нь дуучин хүн кинонд тоглоход бэрхшээлтэй зүйл юу байна. Шантрах үе байв уу?
-Мэдээж мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй учраас албан ёсоор жүжигчин гэж явахгүй. Гэхдээ өөрийн сонирхол гэж байна л даа. Дуучид ч юм уу, рокерууд кинонд яагаад тоглодогийг би сайн хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан миний хувьд найруулагч нь санал тавьсан болохоор хүчээ сориод үзий л гэж бодсон.
Бэрхшээлийн хувьд гэвэл киноны дүрийн уйлах хэсэг ч гэдэг юм уу, сэтгэл хөдлөлтэй хэсгүүд дээр хүндрэл гардаг аа. Гэхдээ хичээгээд өөрөө дүрдээ орж чадвал тийм ч хүнд, хэцүү биш л дээ. Мэргэжлийн жүжигчин биш учраас суралцаад явж л байна.
-Америкт сурч байхдаа “Маргаашгүй”гээд кино бүтээж байсан гэсэн. Энэ талаараа ?
-Оюутан байхдаа кино хийе гэж бодсон л доо. Тэгээд ч Монгол хүний Америкт хийсэн анхны кино болог гэж бодоод хийж байсан. Тулга гээд залуугийн амьдралаар сэдэвлэж хийсэн. Тэр залуугийн туулсан амьдрал нь сонирхолтой, маш хэцүү сэтгэл хөдөлгөсөн амьдрал байсан л даа. Ерөнхийдөө кино урлаг хүч сорих зорилго, тэмүүлэл тэндээс эхэлсэн гэж хэлж болно.
-Өөрөө ер нь олон салбарт хүч сорих сонирхолтой хүн юм аа даа. Америкт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр сурч, төгсөөд ирсэн гэж сонссон юм байна. Хөгжмийн боловсролоо хаана эзэмшсэн бэ?
-Хөгжмийг би өөрөө бие дааж сурсан. Сонирхлоо олсон учраас өөрөө судлаад, хөгжим зохиох энэ бүхнийг ном уншиж сурч байсан.
-Хөгжим сурахдаа заавар зөвлөгөө авсан багш байдаг уу?
-Байхгүй. Тухайн үедээ мэдрэмжээрээ л, миний дотор ямар хөгжим байна тэрийгээ гаргаж, буулгахыг боддог байсан учраас бусдаас зөвлөгөө авах, багштай болох шаардлага байгаагүй. Гэхдээ өөрийгөө мэргэжлийн өндөр түвшинд хөгжмийн зохиол бичиж байсан гэж хэлж чадахгүй л дээ.
-Rokit bay-гийн хувьд уран бүтээлдээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийг шингээх дуртай гэж ярьсан байсан л даа. Тэгэхээр “Эвдэрхий хүн” ч гэдэг юм уу уран бүтээлдүүд чинь “этгээд” шүү дээ. Дуугаараа яг юуг илэрхийлэхийг бодсон юм бэ?
-Ерөөсөө л сэтгэл доторхи мэдрэмж шүү дээ. Яг тухайн цаг үед надад ямар мэдрэмж төрсөн, тэр мэдрэмжийг л дуугаараа илэрхийлэх сонирхолтой. Нэг үгээр хэлбэл хүний сэтгэл доторхи жинхэнэ мэдрэмжийг дуу болгож байна гэсэн үг. Ер нь дуугаа сэтгэл доторхи мэдрэмжээрээ бүтээдэг.
-Одоо хөгжмийн салбарт ямар нэгэн уран бүтээл хийж байна уу?
-Одоо киноны ажил дуусчихсан. Манайх видео продакшн ажиллуулж байгаа. Тэр студи маань "шорт филм" хийж байгаа. Энэ ажлаа дуусгасны дараа шинэ цомогийнхоо анхны дууны клипийг хийнэ. Ерөнхийдөө санааг нь биччихсэн байгаа удахгүй болох байх.
-Уран бүтээлч хүмүүс уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд ямар нэгэн санааг хүргэхийг зорьдог шүү дээ. Таны хувьд?
-Миний дууг сонссон хэн нэгэн амьдралд нь тохиолдож байгаа хүнд хэцүү асуудлуудыг туулах хүч аваасай гэж хүсдэг. Шууд шүүмжилж байгаа юм шиг мөртлөө эерэг зүйлийг олонд хүргэхийг зорьдог.
-Америкт Бизнесийн удирдлагын чиглэлээр сургууль төгссөн боловсон хүчний хувь ямар нэгэн бизнес эрхэлж байна уу?
-Ерөнхийдөө маркетингийн чиглэлээр сурсан л даа. Тиймээс бүх юманд оролцож явдаг. Гэхдээ хувийн бизнес эрхлээд байгаа юм алга.
-Таныг урлагийн замд хөл тавихад дэмжлэг үзүүлж, хөтөлсөн хүн байдаг уу?
-Би анхандаа сонсогч байсан. Ирээдүйд реппер бол, хөгжим бичнэ гэж зүүдэлж ч байгаагүй. Америкт сурч байх явцдаа өөрийнхөө жинхэнэ сонирхлыг олсон гэж хэлж болно л доо.
-Бусад уран бүтээлчдийн бүтээлд хэр шүүмжлэлтэй ханддаг вэ. Эсвэл би мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй гэдэг утгаараа бүгдийг байгаагаар нь хүлээгээд авдаг уу?
-Би зурагт үзэхээрээ үглээд салдаггүй. Шуудхан хэлэхэд таалагдахаасаа таалагдахгүй бүтээл нь их байдаг. Би мундагтаа ч тэгж байгаа юм биш. Сэтгэлээс гарсан уран бүтээл ховор, дандаа хиймэл байдаг. Товчхондоо учраа олохгүй уран бүтээл нэлээдгүй ажиглагддаг. Гэхдээ бүгд тийм муу гэхгүй, сайн сайн уран бүтээл зөндөө л байна. Ер нь бол уран бүтээлчид өөрсдөө сэтгэдэггүй юм шиг санагддаг. Дандаа бусдаас санаа аваад, бусдын санааг л дуурайх гэдэг. Аливаа зүйлийг хялбарчлах гэсэн зүйл их ажиглагддаг.
-Репперүүд хоорондоо туршлага солилцох ч юм уу, бие биенийхээ алдаа оноог ярилцах, засч залруулах байдлаар нөхөрлөдөг үү?
-Репперүүдийн хувьд тийм зүйл байхгүй. Яагаад гэхээр ихэвчлэн өөрийн биеэ даасан хүмүүс байдаг учраас хэн нэгний зөвлөгөөг авахгүй гэж бодож байна. Ерөнхийдөө нилээн хатуу толгойтой хүмүүс шүү дээ.
-Тухайн уран бүтээлдээ өөрийн санааг л шингээдэг гэсэн үг үү.
-Бид чинь ер нь өөрсдийн гэсэн бие даасан сэтгэхүйтэй хүмүүс. Өөрийнхөө санааг л уран бүтээлдээ тусгана. Хажуунаас хэн нэгэн хэлж, заахад өөрийнхөөрөө л зүтгэнэ.
-Өөрийн чинь амьдралын хэв маяг хэр этгээд вэ. Уран бүтээлээс чинь харахад этгээд хэв маяг ажиглагддаг?
-Учиргүй хүн амьтнаас зөрөөд байдаг зүйл байхгүй л дээ. Мэдээж уран бүтээлийн тал дээр бусдаас жаахан онцгой байж магадгүй. Хувь хүний хувьд, амьдралын хэв маягийн бусдын л адил.
-Өөрийгөө тусгаарладаг уу, эсвэл нийтэч үү?
-Уран бүтээл дээр өөрийгөө тусгаарлах дуртай. Ганцаараа суугаад бодож тунгааж уран бүтээлээ хийдэг. Түүнээс биш найз нөхөдтэйгээ бол байнга л уулзаж, марзаганаад л явдаг.
-Цаашид кинонд тоглох уу?
-Энэ киногоо хараад өөрийнхөө алдаа оноог тунгаах ёстой байх. Мэдээж гоё киноны санал ирвэл татгалзахгүй ээ. Би өөрийнхөө зан чанараас өөр дүрд хувирах сонирхолтой л доо.
-“Эцсийн зогсоол Э цэг” кинонд гол дүр бүтээж байхад хэр их бэрхшээл учрав?
-Бэрхшээлтэй зүйл байсан л даа. Жишээ нь гэхэд эцэг болсон хүний мэдрэмж. Би өөрөө дүүтэй ч байгаагүй, мөн хүүхэдгүй. Тийм учраас аавын дүрд орж тоглоход хүндрэлтэй байсан. Гэхдээ маш хичээж тоглосон.
-Эцэг байх сайхан мэдрэмжийг зүрхээрээ дамжуулан мэдэрсэн үү?
-Жаахан ч гэсэн мэдэрсэн гэж хэлж болно оо.
-Киноныхоо дууг бичиж дуулсан гэж сонссон?
-Тийм ээ. Киноны дууны үг аяыг би өөрөө бичээд дуулсан.
-"Эцсийн зогсоол "Э" цэг" кино хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ?
-Наймдугаар сарын 25-нд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болно.
-Ярилцсанд баярлалаа, цаашдын уран бүтээлд тань өндөр амжилт хүсье.
-Баярлалаа