Д.Эрдэнэтуяа: Залуу нас өөрөө тэр чигтээ гоо сайхан, үнэтэй бэлэг
Хэн нэгнээс сайхныг нь олж, харж, нээнэ гэдэг гайхамшиг. Тэрээр өмнө минь өөрийнхөө тухай болоод гоо сайхан байхын тухай яриаг харамгүй дэлгэсэн юм. 1992 оны Улаанбаатар хотын тэргүүн мисс ,“Эра” төвийн захирал хатагтай Д.Эрдэнэтуяатай ярилцлаа.
-Зөвхөн эмэгтэй хүний л хийж чаддаг зүйлсээс та нэрлээч?
-Эмэгтэй хүн хүүхэд төрүүлж чадна. Гэрийн ажлыг хийж чадна. Хүнийг хайрлаж чадна, уучилж бас тэвчиж чадна. Мэдээж эрэгтэй хүн ч гэсэн хүнийг хайрлаж, уучилж чаддаг ч гэсэн эмэгтэй хүн, эх хүн гэдэг утгаараа зөөлөн чанар нь илүү ихээр тэдэнд байдаг байх гэж боддог. Энэ бол батлагдсан үнэн зүйл шүү.
-Таныг хэн нэг хүн Холливудын алдарт жүжигчин эмэгтэй Камерон Диазтай адилхан гэж хэлж байсан уу, учир нь танд Диазынхтай адил секси дүр төрх, үргэлжийн их эрч хүч, гал цог харагдаад байдаг.
-/Инээв/ Сайхан байлаа. Сайхан үг сонсох ч сайхан шүү. Намайг хүмүүс хурдтай хүн шүү гэж хэлэх нь хэлдэг. Хүн харахад их хурдтай юм шиг мөртлөө би цагаа тулахаар их удаан хүн. Гарцаагүй агшинд их тайван болчихдог. Харахад гялалзуур юм шиг боловч шийдвэр гаргахдаа их нухацтай бодож, удаан гаргадаг. Нүд маань бөөрөнхий, их хурдан эргэлддэг болохоор тэгдэг юм болов уу.
-Кинонд тоглох саналуудыг та хэр олон авч байна вэ?
-Жилдээ 1-2 саналыг авдаг. “Гоёлын даашинз” кинонд тоглосноос хойш кинонд тоглох саналууд ирсэн боловч би хүлээж аваагүй.
-Та кинонд эсвэл таны амьдралыг кино гэвэл ямар эмэгтэйн дүрийг бүтээхийг хүсдэг вэ?
-Өөрөө өөртөө таалагддаг эмэгтэй байх юмсан л гэж боддог. Энэ бол миний амьдралын гол дүр мөн. Өөртөө таалагдаж байгаа хүн бусдад мөн таалагдана шүү дээ.
-Загвар өмсөгч, миссүүд амьдралдаа их дэглэм, зарчим баримталдаг. Та ер нь хэр их дэглэм, зарчим баримталдаг хүн бэ?
-Хүн гэдэг утгаараа зарчим дэглэм байлгүй л яахав. Гэр бүлээс өгсөн хүмүүжлийн дагуу баримталдаг зарчим бий. Амьдралын том бас нэг зарчимтай. Өдөр тутмын хувьд баримталдаг зарчим гэж мөн бий. Та ямар утгаар асууж байна вэ?
-Гоо сайхан байхын тухайд баримталдаг зарчмыг тань сонирхон асууж байна.
-Мэдээж байлгүй яахав. Үнэндээ би өөрийн хүсдэг зарчмуудаа гүйцэлдүүлж чаддаггүй юм. Өглөө босмогц гоо сайханд ороод, хумсаа янзлуулаад, фитнес клубээр явах зэргийг эмэгтэй хүн бүр л хийхийг хүсдэг байх. Би хувьдаа гүйцэлдүүлж чаддаггүй. Гэхдээ миний гэсэн гоо сайханы сайхан зарчим байлгүй яахав. Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой. Эцэг эхээс заяасан өөрийн гэсэн бие цогцостоо тохирсон хоол, унд, хувцас хунар, амьдралын хэв маяг гэж байдаг. Түүнээс биш би хэн нэгнийг хараад би ийм л болно гээд бодож болохгүй шүү дээ. Сэтгүүл дээрх гоё хүүхний өмссөн байгаа даашинзыг хараад надад энэ даашинз ингэж л зохих ёстой гэж бодвол том эндүүрэл. Тиймээс хувь хүн өөрийнхөө онцлог, бөгөөд цусны бүлэгтээ тааруулж, тохируулан хооллож түүнийхээ дэг жаягаар амьдарвал илүү урт удаан гоо сайхан байх болов уу гэж би боддог. Хүн дууриагаад байвал хэцүү л дээ.
-Та хэзээнээс өөрийгөө эмэгтэй хүн гэдгээр мэдэрч эхэлсэн бэ?
-Эмэгтэй хүн болсноо их орой мэдсэн. Хүүхэд байхдаа эмэгтэй хүн гэдгээ 14-15 нас хүрч байж ойлгосон. Яг эмэгтэй хүн болсоны хувьд би ээж болсныхоо дараа л ойлгосон. Тэр болтлоо ойлгоогүй л салхи шиг л явсан. Залуу хүүхэд байсан болохоор арга ч үгүй байх.
-Эмэгтэй хүн ээжийгээ л өөрийн мэдэлгүй дууриагаад байгаа юм шиг тэгж санагддаг.
- Үнэхээр жил өнгөрөх тусам ээж шигээ л болж байна. Миний ээж бүх л ажлаа заавал бичиж тэмдэглэдэг. Бүх л зүйлийг эмх цэгцтэй байлгахыг боддог. Би ч бас тийм. Бүх ажлаа би гараараа тэмдэглэлийн дэвтэр дээр заавал бичиж, тэмдэглэдэг. Надад одоо арваад дэвтэр байна. Жил бүр хөтөлж, тэмдэглэж байдаг. Тиймээс тэмдэглэлийн дэвтэр бол миний салшгүй нэг хэсэг. Ямар ч гоё уруулын будаг цүнхэнд явж байсан тэмдэглэлийн дэвтэр маань заавал байдаг.
-Эмэгтэй хүний амьдрал олон үе шаттай юм шиг санагддаг. Таныхаар ямар нас, ямар үед эмэгтэй хүн эрэгтэйчүүдийг өөртөө хамгийн ихээр татдаг юм бол?
-Миний ажигласнаар эмэгтэй хүний хамгийн сайхан нас 22-23 наснаас эхэлдэг юм шиг билээ. Тэгээд 40 нас хүртэл эмэгтэй хүн сайхан харагдана. Гэхдээ биеэ хэрхэн яаж арчилж байгаагаас шалтгаална. Залуу нас бол сайхан шүү дээ. Залуу насанд бол ямар ч чимэг зүүлтний хэрэг байхгүй. Дөрөв, аравын даавуу гэж бид ярьдаг байсан юм. Тэр даавуугаар юу ч хийгээд өмсөхөд сайхан л харагддаг байлаа. Залуу нас өөрөө , тэр чигтээ гоо сайхан, үнэтэй бэлэг. Тэр чигтээ үзэсгэлэн гоо шүү дээ. Эмэгтэй хүн ямар ч биетэй, ямар ч царай зүстэй байсан залуу л бол сайхан. Энэ бол юутай ч зүйрлэшгүй үнэн. Харин 35-аас дээш насанд арчилгаа шаарддаг. Цэцгийг тордохгүй бол хатаж гунддаг шүү дээ. Биеээ яаж арчилж байгаагаас их зүйл шалтгаална. Мөн хайр их шаардлагатай. Хайрыг бусдад хэр түгээж, хэр их хайраар дүүрэн эмэгтэй байгаагаас гоо сайхан байх нь мөн шалтгаална.
-Олон жил загварын агентлагыг ажиллуулж байгаа танаас асуухыг хүсч байсан нэг зүйл бол та хүмүүст ямар зүйлийг зааж, сургаж, ойлгуулахыг хүсдэг вэ, заахын тулд өөрөө гоо зүйд хэрхэн суралцдаг вэ?
-Аливаа байгууллага өөрийн гэсэн зан төлөвтэй. Түүнтэй адил “Эра” төв ч өөрийн гэсэн дүрэмтэй. Хаалгаар орж ирээд заавал гутлаа сольдог. Танхимд орж ирээд бохь зажлаж болохгүй. Бид эрэмбэ дараатай. Ахмадууд нь бага настайгаа дээрэлхдэггүй. Байгууллагын зан төлөвт удирдлагын зан төлөв нөлөөлдөг. “Эра” төв бол загварын байгууллага биш. Бид нийгэмд гоо зүй, харилцааны соёлыг төлөвшүүлэхийг л хичээдэг. Би өөрөө харилцааны соёлыг багш. Монголд загвар өмсөгчийн сургууль гэж байхгүй ч үгүй. Хэн стандартыг нь бий болгож, хэн загварын өмсөгчийн хичээлийг нь заадгийг би мэдэхгүй байна. Гэхдээ би өөрөө стандартыг гаргасан. Загвар өмсөгч хүн гадна үзэмжээсээ биш дотоод буюу нийгэмд харагдаж байгаа хэлбэрээсээ эхлэх ёстой. Загвар өмсөгч хүн тэсвэр тэвчээрийн туйл нь байх ёстой. Мянга доромжилж байхад гараад л ирж чаддаг байх ёстой. Загвар өмсөгч хүн өдөр бүр сонголтон дунд амьдардаг. Өдөр бүр намайг сонгоосой гэж хүлээнэ. Энэ ямар их тэсвэр тэвчээр гэж бодож байна. Түүний төлөө л тэмцэж байдаг болохоор заримдаа загвар өмсөгчид харгис болдог. Гоо зүй буюу зүй гэдэг үг нь их олон утгатай. Гоо бүхнийг багцалж байгаа үг. Гадаад үзэмж, харилцаа, хооллолт, нүүр будалт зэрэг гоотой холбоотой бүхнийг багцалж ойлгуулахыг зорьдог. Заавал хүүхдүүд байх албагүй. Ирж байгаа хүмүүс нь л тэр байгаа хэрэг. Манайхан хэзээ ч 30 нас хүрээд алхаагаа засья гэж боддоггүй хүмүүс шүү дээ. Яагаад загвар өмсөгчид бусдаас гоё сайхан харагддаг юм бэ гэхээр тэд өдөрт 1-2 цаг загварын алхаагаар алхдаг. /Тэрээр ажлын ширээн дээрх байсан өөрийн бичсэн төсөлөө үзүүллээ./ Энэ төслийг би 2008 онд бичсэн. Миний зорилго бол ерөөсөө л соёл харилцаа. Улаанбаатар хотын соёл харилцааны тухай хийсэн төсөл хүртэл бий. Үүнийг намайг хэн ч хийгээд өгөөч гэж гуйгаагүй. Энэ бол миний сонирхол. Үүнийгээ би хэзээ нэгэн цагт хэн нэгэнд заавал хүрнэ гэж бодож явдаг. Үүнийг би хотын даргад аваачиж өгнө. Өнөөдөр Улаанбаатар хотод хөдөөний хүн гэж хэн юм бэ, америк хүн гэж хэн юм бэ. Хөдөөний хүн гэдгийг бүдүүлэг гэдэг үгээр сольж хэрэглэдэг. Хөдөөний хүн бол бүдүүлэг хүн биш. Харин хот өөрийн гэсэн дүрэмтэй байх ёстой. Тэд тэр дүрэмд л захирагддаг байх ёстой. Энэ бол том асуудал биш. Гудамжаар нэг хоёр өндөр охин явахад л тэднийг илүү харж, тэдний тухай ярьдаг. Тэд бусдаас толгой өндөр байгаа юм чинь тэд содон харагдалгүй л яахав. Мөн хэний ч хараанд өртөхгүй амьдарснаас, өртөж амьдар. Гэхдээ зөв өртөх хэрэгтэй.
- Гоо сайхан байх нь асар их тэмцэл, тэвчээр, хөдөлмөр юм байж. Таны ажил эндээс л эхэлж энэ тухай л заадаг бололтой. Тийм үү?
-Тийм. Би залуу охидуудад мөнгө амьдралд чухал гэхдээ мөнгөгүй байж болохгүй. Сайхан сэтгэлтэй хүн гээд таксины жолооч үнэгүй гэрт хүргэж өгөхгүй. Үүнтэй адил мөнгө чухал. Гэхдээ мөнгийг яаж олж байгаа нь, түүнийг хэрхэн үнэлж байгаа нь чухал. Маш их мөнгөтэй ханхүү ирээд намайг аваад суучихаасай гэж боддог бүсгүйчүүдийн мөрөөдөл байдаг. Ингэж бодох нь зөв л дөө. Гэхдээ ханхүүдээ өөрөө эхлээд хайртай байх ёстой. Ханхүүтэйгээ хамт эхлэх ёстой. Тиймээс бүх зүйлд хамгийн эхэнд тавигдах ёстой зүйл бол сэтгэл. Бүх зүйл сэтгэлээс л эхэлнэ.