Соёлын солиу бодлого

2014 оны 8 сарын 13

Сар хүрэхгүй хугацааны өмнө Шинжаньд “Жангар” туулийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болж, манайхаас академич Д.Төмөртогоо, Л.Болд нар оролцоод иржээ.

Саяхан л манай эрдэмтдийг “Бидэнд заагаад өгөөч” хэмээн царайчилж байсан өвөрмонголчууд өдгөө Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн тэргүүтэй их хүмүүсийн бичсэн бүтээлүүдийг бут цохин гарч ирээд, Монголын түүхийг орвонгоор нь эргүүлж орхих тийм багууд бэлтгэж байгааг ШУА-ийн нэгэн ажилтан анхаарууллаа.
Харин тэд энэ хурлын зорилго, утга агуулга, үр дүнгийн талаар олон нийтэд дуулгах нь бүү хэл, салбарын яамныхан, хүрээлэнгийнхэндээ ч нарийн тодорхой зүйл ярилгүй, тэгсхийгээд өнгөрүүлжээ. Хятадууд манай “Жангар” туулийг өөрийнхөө соёлын өв гэж ЮНЕСКО-д бүртгүүлэхээр эрчимтэй хөөцөлдөж, хоёр дахь удаагаа асуудлыг өргөн барихын тулд олон улсын эрдэм шинжилгээний хурал хийсэн нь энэ. Одоо тэдэнд ганцхан удаагийн “дайралт” л үлдсэн. Тэгснээр Монголын эртний уран зохиолын гурван сүмбэр оргилын нэг “Жангар” тууль харь улсаар овоглох болно.

Дотор хүний ухаан гаргаж, хятадуудыг барьцаа ийнхүү улам лавшруулж байхад халимагууд “Бид “Жангар”-ыг нэгэнт өөрийнхөө нэр дээр бүртгүүлж чадахгүйгээс хойш ядаж монголчууд аваад үлдчихээсэй” хэмээн гаслахдаа манай руу утасдаж хэл хүргэсэн байх юм. Харин хуралд нь сууж байсан эрхмүүд тэр индэр дээрээс “Жангар”- аа өмгөөлж юу гэж хэлсэн бол. Нэгийг алдах нь гэж халаглахын зэрэгцээ арайхийн авч үлдэж чадсан нөгөө хэдийгээ хэр арчилж тордож байгаа билээ гэдэг асуулт бидний өмнө тулгарах болов.

Монголчууд уртын дуу, морин хуур, бий биелгээ, хөөмий тэргүүтнээ хүн төрөлхтний соёлын үнэт өвд бусдаас түрүүлж бүртгүүлж чадсан ч гэлээ эргээд түүнийгээ дэлхийд сурталчлан таниулах, мандуулан бадраах ажлыг энэ хугацаанд огт хийсэнгүй. “Энэ чинь монголчуудынх, бид эзэн нь” гээд бөмбөрцгийн хаана ч нүүр бардам илэрхийлж чадах тийм уран бүтээлчдийг тусгай бодлогоор бэлтгэж гаргасангүй.

Гэтэл “Морин хуур, уртын дуу”, “Монгол хөөмий”, “Монгол бий биелгээ” зэрэг үндэсний хөтөлбөрүүд энэ жилээр дуусгавар болж байдаг. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр ч мөн дуусаж буй. Аанай монголчуудын “Болж байна, болно доо” гэж сэтгэлээ амраах шалтаг, шалтгаан болж байсан эдгээр хөтөлбөр зогсохоор манай соёлын бодлого хаашаа чиглэх бол.

Дээд тал нь арваад жил хэрэгжсэн үндэсний хэмжээний хөтөлбөрүүдтэй байхад урагш ахиагүй энэ салбар цаашид юугаар зүг чиг хийх вэ гэдэг хойшлуулшгүй бодох зүйл мөн билээ. Саяхан Засгийн газрын хуралдаанаар баталсан Соёлын баримтат өвийг хамгаалах болон “Монгол соёл урлаг” гэсэн хоёр хөтөлбөрийг эс тооцвол үндсэндээ даацтай үр дүн хүлээх ажил үнэндээ алга. Японы эрдэмтэн манай цамын бүжгийг судлаад явж байна. Казахстан гэхэд л сүүлийн арав гаруй жилийн турш соёлын салбартаа маш их хөрөнгө мөнгө зарцуулж, эрдэмтдээ олон улсад тараан судалгаа шинжилгээ хийлгүүлсний үр дүнд тусгаар улсын түүхээ дахин бичиж эхэллээ.

Тэндхийн хүчирхэг эрдэмтдийн баг Чингисийг хүртэл “манайх” хэмээн зарлаж мэдэхээр тийм их мэдлэг мэдээлэл, сурвалж бичиг цуглуулаад байгаа тухай учир мэдэх эрдэмтэн сэтгэл зовинон хэлсэн юм. Саяхан л манай эрдэмтдийг “Бидэнд заагаад өгөөч” хэмээн царайчилж байсан өвөрмонголчууд өдгөө Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн тэргүүтэй их хүмүүсийн бичсэн бүтээлүүдийг бут цохин гарч ирээд, Монголын түүхийг орвонгоор нь эргүүлж орхих тийм багууд бэлтгэж байгааг ШУА-ийн нэгэн ажилтан анхаарууллаа.

Ийнхүү соёл иргэншлийн “дайнд” улс орон бүр бэлтгэж байгаа аж. Харин бидэнд юу ч алга. Ямар сайндаа л туулийн олон улсын хуралд зориулсан ном хэвлүүлэх гэтэл ганц тууль галиглаад буулгачих эрдэмтэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд олдоогүй гэнэ лээ. Авианы галиг мэдэх хүнгүй учраас МУИС-ийн багшийг гуйсан нь Монголын соёлын эмгэнэлт явдал биш гэж үү.

Соёлын тогтвортой бодлогогүйн улмаас Засгийн газрын тэтгэлэг хэмээх далбаан дор залуу үеэ тал тал тийш нь илгээж байна. Тэр дундаа Хятадын тал сүүлийн жилүүдэд манайхаас жил бүр зуу зуун хүнийг өндөр цалин хангамж амлан, ямар ч шалгуургүйгээр шахам магистр, докторантурт элсүүлдэг нь цаанаа ямар бодлого агуулж буйг хэн ч таашгүй. Зөвхөн ШУА-ийн нэг хүрээлэнгийн нэр дээр гэхэд л өнгөрсөн жил 28 залуу Өвөрмонголд тэтгэлгээр суралцахаар явсан байх юм. Тэгсэн хэрнээ эрдмийн зэрэг горилохоор сонгосон чиглэл нь уран зохиол, төвд судлал, түүх, археологи, хэл шинжлэл гэх мэт Монголын дотоод асуудалд хэт хамаатай, эсвэл ямар ч хэрэгцээгүй сэдвүүд байгаа нь хачирхалтай.

Ядаж л тэдгээр “эрдэмтэд” төвд судлал гэж дэмийрч байхын оронд манай түүхийн ихэнх сурвалж бичиг байдаг араб, перс хэлийг судалбал ирээдүйд эх оронд минь тун хэрэгтэйсэн. Үгүйдээ л түрэг хэлийг яагаад сонгодоггүй, сонгуулдаггүй юм бол. Авах хүн бөхийж өгөх хүн гэдийдгийн үлгэрээр мөнгөтэй хүнд сонголт хийх давуу эрх бий ч туурга тусгаар бүрэн эрхт улсад төрийн бодлого гэж юм байдаг бол энэ зэргийг анхаарах ёстой баймаар. Энэ бол хоёр дахь эмгэнэл.

Соёлын салбарт ямар чиглэлийн боловсон хүчин дутагдалтай байна, хаанаа бодлого нь доголдож байгаа зэрэгт судалгаа шинжилгээ хийдэг байгууллага бол Соёл, урлаг судлалын хүрээлэн. Тэдний судалгаанд үндэслэн бодлогоо тодорхойлох учиртай. Гэтэл дээр үед Соёлын яам болон ШУА-д харьяалагддаг байсан тус байгууллагыг сүүлд Соёл, урлагийн дээд сургуулийн харьяа болгосноор үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилго нь бүрхэг, ойлгомжгүй болжээ.

Үүн дээр нэрмээс болдог бас нэг зүйл нь төрийн залгамж чанар шат шатны байгууллагуудад алдагдсаны хар гай гэдгийг хэлэх хүн цөөнгүй байна. Сонгуулиар ялалт байгуулсан улс төрийн хүчнүүд өмнөх хүмүүсийнхээ баримталж, хэрэгжүүлж байсан бодлогыг уг үндсээр нь үгүйсгэн, шинэ шинэ “нээлт” гаргаж ирсээр тухайн салбарыг туршилтын талбар болгож орхидог. Ганц жишээ хэлэхэд, боловсрол, соёл, шинжлэх ухаан гэсэн гурван том салбарыг нэг малгай дороос гарган задалж, ийш тийш нь тарааснаар хоорондоо ямар ч уялдаа холбоогүй болжээ.

Тухайлбал, нэг газарт археологийн малтлага хийх зөвшөөрөл авахад Соёлын өвийг хамгаалах хуулийнхаа дагуу ССАЖЯ-нд ханддаг хэрнээ төсөв хөрөнгөө батлуулах гэхээр БШУЯ, Шинжлэх ухаан технологийн газрыг зорих хэрэгтэй болдог байна. Үүнээс болж тэр малтлагыг хийх шаардлага үнэхээр байгаа юм уу, үгүй юү гэдгийг дэнсэлж, зөвшөөрөл олгох ёстой албан тушаал дээр өнөөдөр шинжлэх ухааны талаар ямар ч төсөөлөлгүй хүмүүс суухад хүрээд байгаа аж.

Улс нь үнэлж чадаагүй авьяас, ур чадвар, өв соёлоо цагийн 100 юаниар манайханд заагаад өг гэсэн хүсэлтээс татгалзаад үр хүүхдэдээ зэмлүүлсэн ахмад уран бүтээлчийг би мэднэ.
“Урьд нь бид боловсролын салбартай нэг яаманд харьяалагдаж байхад сонгодог урлагийн аль чиглэлд нь ямар боловсон хүчин дутагдалтай байна, тэр мэргэжлээр хүнээ сургах хэрэгтэй гэхчлэн бодлогодоо тусгадаг байсан. Гэтэл одоо энэ нь алдагдаад байна. Аль ч чиглэлийн яам байсан хоорондоо мэдээллээ солилцож, харилцан уялдаа холбоотой ажиллах л хамгийн чухал. Тэгэхгүй байгаа учраас л энд миний судалж байгаа зүйлийг тэнд нөгөө яаманд хүмүүс давхар хийгээд цаг заваа алдах тохиолдол бишгүй. Уг нь бол бодлого боловсруулдаг хүмүүс дор дороо өөрийнхөө ажлыг нухаад байлгүй, тухайн асуудлыг Монгол Улсад төдийгүй тив дэлхийн хэмжээнд уялдуулан авч үзэх хэрэгтэй” хэмээн ССАЖЯ-ны Стратеги төлөвлөлтийн газрын соёлын өв хариуцсан ахлах мэргэжилтэн З.Оюунчимэг ярилаа.

Харамсалтай нь ийм хэмжээний мэдлэг чадвар, сэтгэлтэй боловсон хүчин, бодлого тодорхойлогчид ирээд үйд манайд хэр олон төрөх бол. Лав л одоогийнх шиг соёл, урлагийн салбараа хатавчиндаа байлгасаар байвал хэдэн бор төгрөгийн төлөө энэ улс үндэстний үнэ цэнэтэй бүхнийг худалдахаас сийхгүй хүмүүс л нэмэгдэнэ.

Гэвч бусдын л адил ая тухтай амьдрахыг хүссэн хүмүүсийг шууд буруутгах аргагүй. Хамаг залуу насаа урлагийн төлөө зориулж, улс орныхоо нүүр царай болчихоод насны эцэст 200 мянган төгрөгийн тэтгэврээ амьдралд хүргэх гэж ядна. Улс нь үнэлж чадаагүй авьяас, ур чадвар, өв соёлоо цагийн 100 юаниар манайханд заагаад өг гэсэн хүсэлтээс татгалзаад үр хүүхдэдээ зэмлүүлсэн ахмад уран бүтээлчийг би мэднэ. Энэ бол Монголын соёл, урлагийн салбарын солиу гажуу бодлогын гурав дахь эмгэнэл.

Тив, дэлхий, олимпийн дэвжээнд улсынхаа нэрийг гаргасан спортынхонд сард хэдэн саяын цалин олгодог болсон хэрнээ тэдэнтэй эн зэрэгцэхүйц үүрэг гүйцэтгэдэг соёл, урлагийнхныг гадуурхсанд бухимдах хүн бишгүй. Харин өдгөө олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон уран бүтээлчдэд олгох мөнгөн урамшууллыг нэмэгдүүлэхээр Засгийн газарт санал хүргүүлэх гэж буй ганц чимэгтэй мэдээг яамны мэргэжилтэн дуулгалаа.

Дээрх журамд өөрчлөлт оруулж чадвал шилдэг бүтээлийг улсын сан хөмрөгт худалдаж авах мөнгөн дүнг ч нэмэх юм байна. Гэвч эдийн засгийн хямрал гэдэг “мянган үгний таглаа”-гаараа нүдээ боолгоод, энэ саналыг буцаачихгүй л бол ирээдүйд Монголын соёл, урлагийн салбарт жинтэй өөрчлөлт авчрах нь гарцаагүй гэдгийг олж харах байлг үй дээ. Тэгвэл нэг ч гэсэн эмгэнэлээс холдох буюу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7012
0 эможи
keyboard_arrow_up