“Дэлхийн цирк Монголд-2026“ энэ сарын 18-аас эхлэн 8 өдөр АСА циркэд тоглогдоно

2026 оны 4 сарын 13

Arslan.mn

"Дабл Стэйж" компаниас зохион байгуулж буй "Дэлхийн цирк Монголд 2026" олон улсын тоглолт энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо Аса циркт нээлтээ хийнэ. Тус компани нь 2013 оноос эхлэн дэлхийн циркийн шилдгүүдийг Монголд авчирч эхэлсэн бөгөөд энэ удаагийн тоглолтын бэлтгэл ажил 8-9 сарын турш үргэлжилж, өнөөдрийн байдлаар 100 хувь хангагджээ.

Энэ жилийн тоглолтод Монгол, Орос, Хятад, Чех, Израил, Итали зэрэг 12 орны 70 орчим шилдэг циркчин урилгаар хүрэлцэн иржээ. Үзэгчдэд циркийн урлагийн хаан үзүүлбэр болох агаарын нислэг, акробат, тэнцвэр, жонглёр, утасны тоглолт, гимнастик, илбэ, алиалагч болон сургуулилттай амьтдын зэрэг нийт найман жанрын дэлхийн шилдэг үзүүлбэрүүдийг толилуулах юм.

Тоглолтын хамгийн онцлог үзүүлбэрүүдийн нэг нь Итали улсын циркийн жүжигчин, амьтан сургагч Бруно Тонигийн удирдлага дор тоглох 3 төрлийн 11 бар юм. Бруно Тони нь 150 жилийн түүхтэй циркийн гэр бүлээс гаралтай, 5 дахь үеийн амьтан сургагч бөгөөд олон улсын циркчдийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан дэлхийн хэмжээний шилдэг уран бүтээлч юм. Түүний тоглолтод Бенгалийн бар, Цагаан бар болон нэн ховор содон зүсмийн Алтан бар багтсан байна.

Тоглолтын ерөнхий найруулагчаар алдарт алиалагч Юрий Никулиний нэрэмжит Москвагийн циркийн найруулагч Дмитрий Чернов гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бол хөтлөгчөөр комедиан Баяраа ажиллана. 

Энэ жилийн бас нэгэн онцлог нь үзэгчдийн хүсэлтийн дагуу "Дэлхийн цирк Монголд" төсөл анх удаа орон нутагт буюу Дархан хотод аялан тоглох гэж байна. Зохион байгуулагчдын зүгээс Улаанбаатар хотод тоглох бүх уран бүтээлчид, сургуулилттай амьтад, тайз засал, тоног төхөөрөмж ямар ч цомхотголгүйгээр бүрэн бүрэлдэхүүнээрээ Дархан хотод очиж тоглоно гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

"Дэлхийн цирк Монголд 2026" тоглолт Улаанбаатар хотод 4 дүгээр сарын 18-наас эхлэн зөвхөн амралтын өдрүүдээр нийт 8 удаа Аса циркт тоглогдох бол, Дархан хотод 5 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд "Darkhan United Arena"-д ердөө хоёрхон удаа тоглогдох юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668387
0 эможи

keyboard_arrow_up