ҮУИТ: “Ардын дуу мину-3” дуун контент бүр IPTV-д байршиж, ардын урлагийг сурталчилна
Үндэсний урлагийн их театрын дуун ангийнхны бүтээсэн “Ардын дуу мину-3” дуун контент өнөөдөр нээлтээ хийлээ. Тус контент нь олон нийтэд ардын дууг түгээн дэлгэрүүлэх, ардын урлагийг сурталчлах зорилготой бөгөөд иргэдэд хүргэх зорилгоор IPTV-д байршуулах аж.
Үндэсний урлагийн их театрын хамт олон “Ардын дуу мину” дуун контентыг 2020 оноос эхлэн үзэгчдийн хүртээл болгож эхэлсэн бөгөөд энэ удаагийн контентод ардын дуунаас гадна 1960-1990 оны үед зохиогдсон киноны дууг дуулснаараа онцлог болжээ.
МУҮУИТ-т дуучин, МУГЖ Д.Ширмэнтуяа:
Үндэсний Урлагийн их театр байгуулагдсаны түүхт 75 жилийн ойтойгоо золгож байна. Бид түүхт ойдоо зориулан гурав дахь “Ардын дуу мину” видео контентоо бэлэн болгоод байна. Анх 2020 онд контентоо бэлтгэн ард түмэндээ хүргэсэн нь бидний хамгийн зөв шийдвэр гэж хардаг. Энэ удаагийн контентын зураг авалтыг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хийсэн. Бидэнтэй хамтран ажилласан байгууллагууд болон Үндэсний урлагийн их театрын бүжиг ангийнхан, хөгжмийн зохиолчид, найрал хөгжмийн хамт олондоо талархал илэрхийлье.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, бүжиг дэглээч С.Сүхбаатар:
Монгол угсаатны тэр дундаа Ардын дуу бүжгийн чуулга гэж сайхан чуулга байсан. Одоо Монгол Улсын Үндэсний урлагийн их театр болсон. Түүхэн бүтээлийг түгээн дэлгэрүүлж байгаа өнөө үеийн уран бүтээлчид болон түүхийг мөнхлөн монгол угсаатны зан заншил, ахуй амьдрал, дуу хуурыг мөнхлөн үлдээх үнэтэй ажлыг үргэлжлүүлэн буй Үндэсний урлагийн их театрын нийт уран бүтээлчиддээ халуун баяр хүргэе. Дуун их цэнгүүнийг амьдруулан буй дуун ангийнхаа хамт олондоо талархал илэрхийлье.
Ташрамд дурдахад Үндэсний урлагийн их театрын дууны ангид 24 дуучин ажилладаг бөгөөд “Ардын дуу мину-3” контентод 20 гаруй дуу багтжээ.









