Н.Наранбаатар: УДЭТ, СУИС-тай хамтран хэрэгжүүлж буй ажлын байранд суурилсан “Жүжиглэх урлагийн хөтөлбөр”-ийн анхны ЭЛСЭЛТЭЭ авлаа
Мэргэжлийн урлагийн ууган байгууллага УДЭТ нь Соёл Урлагийн Их сургуультай хамтран хэрэгжүүлж буй ажлын байранд суурилсан Г.Доржсамбуугийн нэрэмжит “Жүжиглэх урлагийн хөтөлбөр” өнөөдөр нээлтээ хийлээ.
1990-1992 онд нэрт найруулагч Г.Доржсамбуугийн санаачилгаар анхны "Театр студи" ангийн жүжигчдийг бэлтгэх сургалтыг эхлүүлж байсан арвин баялаг уламжлалтай. Уг уламжлалыг дахин сэргээж Г.Доржсамбуугийн нэрэмжит ажлын байранд суурилсан бакалаврын зэрэг олгох "Жүжигчний ангийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
Нээлтийн арга хэмжээнд УДЭТ-ын захирал, Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар, СУИС-ийн сургалт хариуцсан дэд захирал, доктор Д.Одсүрэн, нэрт найруулагч Г.Доржсамбуугийн гэр бүл, шавь нар, театрын ахмад уран бүтээлчид оролцлоо.
Хөтөлбөрийн нээлтийн үеэр СУИС, УДЭТ-ын цан цохиж, шинэ хичээлийн жилийн эхлэлийг билэгдэж, Үндэсний урлагийн их театрын найрал хөгжим, УДЭТ-ын уран бүтээлчдийн урлагийн тоглолт өрнөж, оюутнуудын төлөөлөл хичээлийн анхны хонх цохин шинэ хөтөлбөрийн эхлэлийг тунхаглав.
Нээлтийн үеэр УДЭТ-ын захирал Н.Наранбаатар “УДЭТ-ын хамт олон, үе үеийн ахмад уран бүтээлчид, нэрт найруулагч Г.Доржсамбуугийн анхны шавь нар, мөн ар гэрийнхэнд нь Эрдмийн баярын мэнд хүргэе.
Бид ажлын байранд суурилсан хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж байна. Учир нь 1990-ээд онд нэрт найруулагч Г.Доржсамбуу гуай хүний нөөцийн асуудалд илүү их анхаарч, анхны театр студийг байгуулж байсан. Мэдээж тэр цаг үе шилжилтийн үе байж, эхний элсэлтээ авч төгсгөөд завсарласан.
Бид тэр хүний үзэл санаа, хүсэл мөрөөдлийг цааш үргэлжлүүлэх эрмүүн их хүслээр хөтлөгдөж, СУИС-д санал тавьж нааштайгаар хүлээн авч өнөөдөр энд энэ мэргэжлийг эзэмшихээр хүрэлцэн ирсэн 30 гаруй оюутан залуусдаа нийт энд хуран цугласан уран бүтээлчдийнхээ өмнөөс хичээл сургуулийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Энэ хөтөлбөр цаашдаа олон сайхан үр дүнг харуулна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна” гэлээ.
Энэхүү хөтөлбөр нь 4 жилд нэг удаа элсэлт авах ба мэргэжлийн багшаар нь найруулагч МУАЖ Ч.Найдандорж ажиллах юм.
Тус хөтөлбөрийн зорилго нь залуу жүжигчдийг уран бүтээлийн бодит орчинд сургах, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх шинэчлэлтэй хөтөлбөр бөгөөд ахмад, дунд үеийн уран бүтээлчид залуу үеийнхэндээ мэргэжлийн нандин өвийг уламжлуулж буй онцлогтой билээ.









