“Дижитал” хамтлаг ирэх сард бие даасан тоглолтоо хийнэ
Уянгалаг хайрын дуу, хэмнэлт доргио дуунуудаараа хип хоп сонирхогч залуусыг байлдан дагуулсаар ирсэн “Дижитал” хамтлаг байгуулагдаад хэдийнээ 15 жил өнгөрчээ.
Байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл “This is life”, “Миний хайртай хүмүүс”зэрэг цомгуудынхаа олон олон хит дуунуудаар сонсогчиддоо урам өгсөөр ирсэн тус хамтлагийнхан тун удахгүй бас нэгэн бэлгийг задлах гэж байна. Анх 1999 оны аравдугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан тус хамтлаг 15 жилийн ойгоо угтан ирэх сард бие даасан тоглолтоо тоглохоор бэлтгэлдээ оржээ.
Энэхүү тоглолт “Дижитал” хамтлагийн “Дайчин баатрууд бидний өвөг дээдэс”, “Чамдаа”, “Миний хайртай хүмүүс”, “Анддаа”, “Зүрх рүү” гэх зэрэг өмнөх тоглолтуудаас илүү онцлогтой болох аж. Мөн тоглолтонд Монголд хип хоп урсгалын тулгын чулууг тавилцсан хамтлагуудын төлөөллүүд болон шинэ үеийн уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх гэнэ. Түүнчлэн Буриад, Өвөрмонголоос хамтлаг, дуучид хүрэлцэн ирж оролцох юм.
15 жилийн ойн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Е” студи, хамтран зохион байгуулагчаар “Dual zet” студи, ерөнхий ивээн тэтгэгчээр “Active world” ХХК ажиллаж байгаа юм байна.
Мөн “Дижитал” хамтлагийн 15 жилийн ойд зориулсан хип хоп хамтлаг, дуучдын хамтарсан цоо шинэхэн дуу төрөн гарч байгаа юм. Маргааш буюу энэ сарын 6-ны өдөр монголын бүх хип хоп хамтлаг дуучид “Е” студид цуглах гэнэ.
Дашрамд дурьдахад “Дижитал” хамтлагийнхан тоглолтын бэлтгэлээс гадна “Дижитал” нэртэй шинэ цомгийнхоо ажилд шаргуу ороод байгаа аж. Түүнчлэн тун удахгүй “Монголжингоо”, “Харьд” дуунуудын шинэхэн клип үзэгчдийн хүртээл болох ажээ.