СБД-ийн 60 жилийн ойд зориулсан “MORINKHUUR SUMMER FESTIVAL” тоглолтыг зохион байгууллаа
Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой, аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан СБД-ийн ЗДТГ, Монгол Улсын Консерваторийн Морин хуурын тэнхим, UNIQUE M продакшнтай хамтран “MORINKHUUR SUMMER FESTIVAL” тоглолтыг энэ сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Уг морин хуурын зуны шоугаар морин хуурын хос чавхдасаар ая эгшиглүүлж, хүрэлцэн ирсэн хүмүүсийн сонорыг мялаалаа.
Тоглолтод урилгаар Консерваторийн морин хуурын тэнхимд суралцаж буй 80 гаруй суралцагчид, морин хуурын төрөлжсөн чуулгын тоглолтууд болон морин хуурын Fiddle Land хамтлагийхан шилдэг уран бүтээлээ толилууллаа.
Тоглолтын үеэр Монгол Улсын Консерваторийн Морин хуурын тэнхимийн эрхлэгч Ш.Болдбаатар хэлэхдээ "Энэ удаагийн фэстивалыг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас дэмжлэг үзүүлж, дүүргийн иргэд оршин суугчид ирж морин хуурын тоглолт үзэж сонирхож байгаагаараа их онцлог байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн морин хуурыг түгээн дэлгэрүүлэх зарлигтай холбоотойгоор СБД болон мэргэжлийн байгууллагууд дэмжиж, дээр нь морин хуурын урлаачдын холбооноос бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцож байна. Мөн энэхүү наадамд төгсөгчид төдийгүй алдартай морин хуурчид бүгд ирж ая дуугаа өргөлөө. Монгол Улсын Консерваторийн Морин хуурын тэнхим энэ жил шинээр бий болсон. Мэргэжлийн морин хуур суралцагчдын арга барилыг хөгжүүлэх, тайзан дээр тоглох нь шалгалт өгөхөөс илүүтэй уран бүтээлчийг хөгжүүлж байдаг учраас ийм том тайзан дээр хүүхдүүдээ юу сурсан мэдснээ тайлагнах, морин хуур сонирхогч, суралцагчдыг идэвхжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой болж байна. Мөн завгүй нийгэмд олон үйл явдлууд болж байгаа цагт хүмүүст нэгэн оройг уянгын, бодлогоширсон, өөрийнхөө дотоод сэтгэлийг чагнах бүтээлүүдийг сонгосон онцлогтой.
Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжиж морин хуурын багш нарыг бэлтгэх зорилгоор 10 дугаар ангиас нь элсэлт авдаг морин хуурын ангийг шинээр нээсэн.
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу морин хуур маань маш их өргөжиж, хөгжиж байна. Морин хуураар суралцах хүсэлтэй, морин хуурч хүүхдүүдийн тоо асар их нэмэгдэж байна. Манай сургууль ихэвчлэн сургуулийнхаа танхимд концертынхоо тайланг хийж гэр бүл болон багш нар нь үздэг бол энэ удаад тэнхимийнхээ сурагчдын тоглолтыг бүх ард түмэндээ тайлагнах нь зүйтэй гэж үзэн Сүхбаатар дүүргийнхээ иргэдэд хөгжмийн боловсрол, концертын соёлыг тодорхой хэмжээгээр дээшлүүлэх, хөгжмийн мэдлэгийг олгох зорилготой хийж байна" гэлээ.
Монгол Улсын Консерваторийн Морин хуурын тэнхимийн багш А.Даваазориг "Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу морин хуур маань маш их өргөжиж, хөгжиж байна. Морин хуураар суралцах хүсэлтэй морин хуурч хүүхдүүдийн тоо асар их нэмэгдэж байна. Манай Консерваторийн сургууль ихэвчлэн сургуулийнхаа танхимд концертынхоо тайланг хийж гэр бүл болон багш нар нь үздэг байсан бол энэ удаад тэнхимийнхээ сурагчдын тоглолтыг бүх ард түмэндээ тайлагнах нь зүйтэй гэж үзэн дүүргийнхээ иргэдэд хөгжмийн боловсрол, концертын соёлыг тодорхой хэмжээгээр дэлгэрүүлэх, хөгжмийн мэдлэгийг олгох зорилготой ийнхүү зохион байгуулж байна. Хүрэлцэн ирсэн үзэгчид маш сэтгэл өндөр байгаад баяртай байна" гэлээ.









