Б.Баярсайхан: МОРИН ХУУР дэлхийн сонгодог хөгжмийн хөгжилтэй нэг түвшинд ирснээр нь БАХАРХДАГ
Морин хуур урлаачдын холбооны тэргүүн, мастер урлаач Б.Баярсайхантай ярилцлаа.
Монгол урлаачид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр зэрэглэлийн мастер морин хуурыг хийдэг болсон. МОРИН ХУУР дэлхийн сонгодог хөгжмийн хөгжилтэй нэг түвшинд ирснээр нь БАХАРХДАГ.
-Морин хуур урлаач болоод хэдэн жил болж байна вэ?
Би морин хуурын урлалын салбарт ороод 33 дахь жилдээ ажиллаж байна. Одоо хүртэл морин хуурын дуу дуугаралт, үндсэн дуугаралтаа алдахгүй өтгөн, гүн дуугаргах юм сан, гүн дуугарсан хөгөө алдахгүй удаан үргэлжлэх сайн хуур хийх юм сан, олон зуун жилийн настай хөгжим хийх юм сан, мөн хуурыг маань тоглож байгаа тоглооч болгоны дуртай хуурыг хийх юм сан гэж мэргэжилдээ шатаж дурлаж явна. Сүүлийн үед "бүр их амтанд нь орж гэдэг шиг эхний хэдэн жилүүдэд их л юм сураад байна, нэлээн мэддэг болчихлоо" гэж бодсон чинь эргээд харахад хаа байсан болоогүй л байсан байна даа гэж боддог.
-Таны хуурыг хамгийн удаан хэрэглэж байгаа хүн хэдэн жил тоглож байгаа вэ?
30 жилийн өмнө надаас морин хуур авсан хүн хүртэл ирж байна. Нөгөө хуур нь хөг алдаагүй л байна. Дээр нь тэр хүн хөгжимчин учраас “Ах нь энэ олон жил чиний хөгжмийг хэрэглээд ингэж дуугарч байна шүү дээ” гээд авч ирэхэд 30 жилийн өмнө хийсэн хөгжим гэхэд дуугаралт, сийлбэр одоо харахад би ер нь бараг тэр сийлбэрийг гүйцэж сийлж чадах уу гэж бодогдмоор байсан.
-Таны урлан дан морин хуур л хийдэг үү?
Манай урлан морин хуур, экил, ширэн цартай хуур, их хуур, дунд хуур мөн сонгодог хөгжим гэсэн төрлүүдийг урладаг. Мэдээж морин хуур хөгжмийг хийж байгаа хүн бусад утсан хөгжмүүдийг хийхэд илүү амар байдаг.
-Морин хуур хөгжмийг хэдий хугацаанд хийж дуусгадаг вэ?
Тухайн хуураасаа шалтгаалаад ямар загвартай хөгжим хийлгэх үү гэдгээс болдог. Миний хийдэг стандартын хөгжим бол дунджаар дөрвөн 7 хоногт хийдэг.
-Ямар үед урлаач болсноороо бахархдаг вэ?
Урласан хуур маань зурагтаар ч юм уу тайзан дээр харахад хуур маань дуу дуугаралт нь яаж байна гээд л хэрвээ жоохон сонин санагдвал тоглооч руу нь яриад авчирч үзүүлээрэй нарийн тохиргоо хийх шаардлагатай юм шиг байна ч гэдэг юм уу байнга харж хандаж яг л өөрийн хүүхэд шиг л боддог. Мөн монгол урлаачид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр зэрэглэлийн мастер морин хуурыг хийдэг болсон. Хийл хөгжмийн хөгжилтэй морин хуур нэг түвшинд ирснээр нь бахархдаг.









