Ардын урлагийн олон улсын наадамд Монголын хамтлагууд уригджээ
Бүгд Найрамдах Итали Улсын хойд хэсэгт оршдог Феррара хот нь жил бүр ардын урлагийн олон улсын “Ferrara Buskers” хөгжмийн наадам зохион байгуулдгаараа Европ болон дэлхий нийтэд танигдсан хот юм.
1988 оноос хойш зохиогдож буй уг наадмын 27 дахь удаагийн арга хэмжээ наймдугаар сарын 21-31-ний өдрүүдэд болох бөгөөд монголын ардын урлагийн чиглэлээр уран бүтээл туурвидаг Хулан, Хөх Монгол, Седаа, Транс Монголиа зэрэг хамтлаг, дуучид хүндэт зочноор уригдан оролцох юм.
27 дахь удаагийн “Ferrara Buskers” олон улсын хөгжмийн наадмын хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг БНИУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, Феррара хотын захиргаа болон Монгол Улсын ЭСЯ хамтран 2014 оны 7 дугаар сарын 31-нд Ром хотод зохион байгуулсан бөгөөд Монгол Улсаас БНИУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар энэхүү олон улсын томоохон баяр наадамд Монгол Улсын ардын урлагийн төлөөллийг хүндэт зочноор урьсанд зохион байгуулагчдад талархал илэрхийлээд тус арга хэмжээ нь хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.