Сонгодог урлагийн ханхүү Б.Анарын үдэш

2023 оны 5 сарын 23

Arslan.mn

Жинлүүрийн нэг талд урлагийнхан жагсаж нөгөө талд сонгодог урлагийнхан дэлхийн сонгодог хөгжмүүдийг эгшиглүүлснээрээ “VIENNA classical music concert” өвөрмөц байлаа. Амаргүй долоо хоногийн амттай төгсгөл, амттай үдэш. Бороо шивэрсэн, өдөр нь цасаар шуурсан өвөрмөц бямба гариг. Улсын Филармонид Австрийн хөгжмийн зохиолчдын дэлхийд шагшигдсан тансаг хөгжмүүд эгшиглэлээ. Үүднээс авахуулаад дарсны хундага эгнэж “Silk Road”-ийн ихэмсэг тавилт бүхий босоо хүлээн авалтын ширээ угтлаа. Үзэгчид голдуу хар өнгөөр хувцасласан байна. Ер нь хар бол сонгодог өнгө.

Сурталчилгааны зар дээр удирдаач Б.Анарын зураг байхгүй, зөвхөн нэр нь байхад л филармонийн даруухан пэйж хандалтаар хахсан харагдсан. Өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд “The Man of Legends” тоглолтоо тавьсан түүний талаарх шуугиан намжаагүй байна гэсэн үг. Магадгүй, түүнээс болж Палас дүүрэх ч юм билүү.

Тэр ойрын 10 жил төрөөгүй сонирхолтой фигур чадварлаг удирдаач.

Орос, Монголгүй хөгжмийн боловсрол эзэмшиж 27 насандаа удирдаач болсон залуу, ОХУ-ын Екатеринбургийн хөгжмийн дунд сургууль, Украины Киевийн Хүүхдийн урлагийн академи, СУИС, сүүлд ОХУ-ын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторид тус тус суралцсан. Энэ үдэш өөрөө хөтлөгч хийж байх юм. Тоглох хөгжмүүдээ тайлбарлан удирдаач нь өөрөө ярихаар үзэгчдэд их ойр бууж байлаа.

Хамгийн сонирхолтой нь “30 минутын турш алга ташилгүй сонсоорой. Би амьсгаагаа удаан авбал 30, арай хурдан авбал 27,28 минутанд тоглож дуусна” гэдэг байгаа. Юу вэ, алга таш л гэдгээс битгий ташаарай гэж хэлдэг урлагийн хүн анх удаа л харж байна. Бид ч амьсгаа дарсан. Би угаасаа 20 хачиртай хоолны газар гэвэл хачрыг нь тоолох дуртай хэ хэ. Нягталж шалгах хоббитой эсвэл сониуч ч гэх юм уу, угаас сэтгүүлчийн зан тэр. Яг л хэлсэн минутаараа тоглосон. Тэгээд Б.Анар биднийг алгаа таш гэвэл ташиж, бос гэвэл босож түүнийг инээхээр дагаж инээмсэглэж байлаа.

Б.Анарын үзэгчид бас яг өөртэй нь төстэй юм. Түүнийг танихгүй хүн бол балетчин гэж харахаар имижтэй донжтой залуу юм. Зогсолт цэх. Үзэгчид бас цэх сууж байна, утсаа ухахгүй байна, энд тэнд элбэг тохиолддог гялгар уут урж тасдах шажигнуулах бүдүүлэг чимээ алга. Уран бүтээлч ямар байна, үзэгчид тийм л байна. Бод бод, эрхэм Янжинлхамын хүүхдүүд урлагийнхан минь.

Тоглолтын төгсгөлд тайзны од тэнгэрийн амьтан газарт бууж ирлээ. Зураг авахуулъя гэсэн бүх хүмүүстэй зургаа авахуулж байна. Эелдэг юмаа. Түүний энэ жилийн төлөвлөгөөт тоглолтууд үүгээр өндөрлөж байгаа гэхээр харамсалтай санагдлаа. Хүлээх нь байна, бид. Арай удаан, арай олон гоё хөгжим тоглоосой. Юм ховор тусмаа чамин, амттай. Сонгодог урлаг яг л ийм хэмжээнд байх ёстой байх л даа. Баярлалаа Б.Анар аа, браво Б.Анар аа!

Б.Ундрал

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647357
1 эможи

keyboard_arrow_up