Ш.Чимэдцэеэ: Гадаадад дуулж олсон мөнгөө шууд Монгол руу шилжүүлээд улсын төсвийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж явсан

2023 оны 5 сарын 21

Arslan.mn

“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаартаа Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэг онцолж байна. Монгол ардын уртын дууны их өвийг тээж, нотжуулан судалж, хойч үедээ өвлүүлж яваа  Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ энэ сарын 31-нд тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа билээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Яриагаа таны уртын дуучин болсон түүхээс эхлэх үү?

-Сайн байцгаана уу. Эрхэм үзэгчдийн амар мэндийг айлтгая. Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Хоолой” гэдэг газар төрсөн хүн. Аав ээжээс арван гурвуулаа байсан. Миний дуучин болох “А” үсэг, анхны шатыг тавьсан хүнийг би ээжийгээ гэж боддог юм. Ээж маань их сайхан дуу хоолойтой хүн байсан. “Алгирмаа”, “Жаахан шарга”, “Хүрэн толгойн сүүдэр” гэх дуунуудыг их гоё дуулна. Ээжийгээ тэмээн тэрэгтэй аргалаа түүгээд явахад нь  би дагаж явах их дуртай байсан. Тухайн үедээ миний үздэг концерт тэр л байлаа. Би аялгууны сайхныг ээжээсээ л мэдэрсэн дээ.

-Багаасаа дуунд хөглөгдөж өссөн дуучин ээжийн охин байж ээ.

-Жаахан байхдаа бүрэг ичимтгий, “дуул” гэхээр нь уйлчихдаг. Самбарын урд гараад уйлж, уйлж байгаад л муу авчихдаг хүүхэд байсан. Харин дүү нараа бүүвэйлэх, хонио тойглох, үнээгээ өөвлөх зэрэгт бол ичиж зовохгүй. Хурдан морио унаад гийнгоолохдоо ч ичиж зовохгүй. Хуучин бол үнээ өөвлөх юм уу, хонь тойглох үед төлөө маш хурдан авч байвал тэр хүнийг дуучин болох магадлалтай, сайхан хоолойтой гэдэг байсан. Нэг утгаараа малыг уярааж байна шүү дээ.

Намайг арван таван настай байхад айхтар хатуу өвөл болж, цас их унаад шуурга шуураад мал жилбэгүй төллөсөн юм. Жилбэгүй төллөхөөр хургаа их голно оо. Айлын хургаа голсон хонийг ч тойглоно, өөрийнхийгөө ч тойглоно. Хаваржин хонь тойглоход миний  хоолой сайхан жигдэрсэн. Тэгтэл манай сумын Улаан булангийн эрхлэгч нь Дандарын чихэнд “Шарын бүсгүйн тойглосон хонь хургаа хурдан авч байна гэнэ, дуучин болох нь” гэх үгс хүрчээ. Тэгээд намайг суман дээр дуудлаа. Ингээд л Бүх ард түмний урлагийн үзлэгт орж бүх үе шатанд нь шалгарсан. Дорноговь руу эхэлж яваад тэндээсээ шалгараад Улаанбаатарт ирээд алтан медаль авч байсан юм.

Намайг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гавьяат жүжигчин Ж.Дорждагва гэж хөгжмийн зохиолч хүн ер нь нээсэн юм шүү. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Тухайн үед уртын дуучин болох магадлалтай залуу хүүхдүүдийн сургах курс байгуулаад Н.Норовбанзад багш, мөн багш нь болох Жигжзовын Дорждагва, Баатарын Лхамжав, С.Сүглэгмаа гээд алт шиг сайхан хүмүүс багшилсан юм. Би тэднээр дууг хэрхэн дуулахыг заалгасан л дуучин болсон хүн дээ.

Arslan.mn

-Н.Норовбанзад, Ш.Чимэдцэеэ гээд л уртын дуучид Монголд төдийгүй дэлхийд гайхагддаг байсан. Тухайн үед гадныхан уртын дууг хэрхэн хүлээн авч байсан бэ?

-Уртын дууны буянаар дэлхийн 41 орноор явсан. Уртын дуу дуулдаггүй байсан бол би тэгж явахгүй шүү дээ. Багш нартаа, аав ээждээ, уртын дуундаа талархахгүй байхын аргагүй. Манай Норовбанзад багш Японд очоод “Уяхан замба тивийн нар” дууг дуулж байтал нэг япон хүн хажууд суугаа монгол хүнээс “Энэ яг юуны тухай дуу вэ” гэж асуужээ. “Уяхан замба тивийн нар” гэдэг нарны тухай дуу гэсэн чинь “Тэгнэ ээ, даанч газраас тасраад явчих шиг сонсогдсон” гэсэн байгаа юм. Гаднын хүмүүс тэгж л ойлгож байна. Намайг ч гэсэн тэгж байсан. Францад нэг хүн олон хотоор дагаж явж сонсож байсан. Нэрийг нь мартаж дээ.  Би “Энх мэндийн баяр”-ыг дуулж явсан юм. Тэгэхээр хүний сэтгэлд тийм л сайхан хүрч байна даа.

-Норонбанзад гуай, та хоёрын тухай олон сайхан түүх сонсч байсан. Та аялан тоглолтоор явж байхад тохиолдож байсан зарим сонирхолтой түүхээсээ манай уншигчдад хуваалцахгүй юу?

-Залуу насандаа барууны орон руу их явдаг байлаа. Гайгүй ч дуулдаг байсан байх. Бас гайгүй ч харагддаг байсан байж магадгүй. Дор хаяж л арван мянган долларын гэрээ хийнэ. Дал, ная, ерээд онд гэсэн үг. Гуравдугаар хэлтэс гэдгээс хүн дагаж явна. До яамны дараа л гарч ирсэн газар. Тагнуул аятай хүн дагаад л явна шүү дээ. Би өөрөө очиж мөнгөө авна. Нөгөө гуравдугаар хэлтсийн хүн маань намайг мөнгөө авуут байр руу ч оруулахгүй шууд Монголын банк руу гуйвуулна. Бид ийм л байлаа. Ганцхан би биш. Манай Н.Норовбанзад багш гээд бүгд л тийм байсан. Одоо бодоход бид улсын төсвийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж явж. Авах мөнгөө улсын данс руу шилжүүлээд л үнэртэй усны ч мөнгө үлддэггүй байлаа.

Бас нэг түүх ярихад Мэгжиджанрайсиг бурхныг бүтээх үйлсэд монгол хүн бүр эрвийх дэрвийхээрээ л хөдөлсөн. Би арван нэгэн аймгаар хандивын тоглолтоор явсан байдаг юм. Манай найруулагч Л.Гомбосүрэн бид хоёр хоёулахнаа тайзаа үүрээд, би хуучраа, нотоо аваад л явна. Тухайн аймгийнхаа театрын хөгжимчдөөр хөгжимдүүлээд л дуугаа дуулчихна. Машинтай, зарим руу нь онгоцтой ч явсан. 1989 оны арван нэгэн сараас 1990 оны арван нэгэн сар хүртэл бүтэн жил тоглосон. Ингээд бүх орлогоо хандивласан. Хамгийн нэгдүгээр зэргийн хандивлагч нь Буянгийн Жагаа дараа нь Л.Гомбосүрэн найруулагч бид хоёр болсон юм. Монголын ард түмэн чихнийхээ ээмэг, хурууныхаа бөгжийг хүртэл авч өгч байлаа. Тэгэхэд манай ээж аав хоёр их баярласан. Ёстой л шүүдрийн ус цохисноос хамаагүй илүү баярлаж билээ. Ээж аавыгаа ингэж баярлуулсандаа би өөрөө бас баяртай байдаг юм.

-Шүүдрийн ус цохих гэснээс “Тэнгэр ээж минь өршөө” дуу бүтсэн түүх их сонирхолтой санагддаг юм. Энэ талаар дурсан яривал?

-Биднийг жаахан байхад манай эмээ ээж “Хүн эхийнхээ ачийг хариулдаггүй л юм гэнэ лээ. Шүүдрийн усаар цай чанаад өгөх юм бол шөнө нэг л удаа өндийж хөхүүлснийх нь ачийг хариулдаг юм” гэж ярьсан нь надад тийм сонин, сондор шиг жин хийгээд буугаад үлдчихсэн. Тэгээд нэг зун ээждээ оччихоод байж байтал ер нь өнөө шөнө шүүдэр цохьё гээд бодлоо. Шүүдэр нэлээн унадаг газар байхаар нь үдэш нь би бүр шийдээд хонолоо. Гэрт иш нь уначихсан шанаганы толгой байсан. Тэрийг аваад гарлаа. Шүүдрийн ус цуглуулж, үнэндээ болдоггүй юм билээ. Тэгээд эхийн ачийг огт хариулж чаддаггүй юм байна. Шүүдрийн усаар цай чанаж өгч болдоггүй юм байна гэж бодсон. Шүүдэр дундуур явахад дээлийн хормой, өмдний шуумаг шалба норж байгаа юм. Тэгтэл саванд ордоггүй. Авч явсан шанага руугаа хийх гэхээр цацраад л алга болно. Хоёр дусал гурван дусал гэсээр байтал арвижаад жаахан юм боллоо. Ирсэн чинь ээж орон дээрээ цаашаа хараад хэвтэж байна. Ээж ээ, би ачийг чинь хариулах гэж байна ухааны юм ярьсан чинь ээж  маань дуугүйхэн над руу харсан юм. Тэгэнгүүт нь би шанаганы толгойтой шүүдрийн усаа буцалгая гээд гал руу хийлээ. Дөнгөж шургуулаад байж байтал буцаллаа. Авсан чинь ширгэх гэж байна. Тэгээд ээждээ аяганд хийгээд өгсөн чинь ээж уулаа. Уучихаад нэлээн байж байснаа “За Чимэдцэеэ, чи шүүдэр энэ тэр гэж дэмийрч явахаар ажлаа л сайн хийвэл барав” гэж байна. Би ч “За ингээд өнгөрлөө”. Юун ачийг нь хариулах ээжийнхээ уурыг нь хүргэчихлээ.

Ээжийнхээ ачийг л хариулж чадахгүй байна даа шүүдэр цохиж өгөөд ч болсонгүй гээд бодлоо. Тэгж байтал тэр шөнө гэнэтхэн “Тэнгэр ээж минь өршөө” гэдэг шүлэг ороод ирлээ. Шүүдрийн ус цохиод чадаагүй хүн чинь энэ талаараа дуундаа орууллаа.

 “Шүүдрийн мөнгөн дуслын оронд

Сувдын мянган дууг хэлхээд

Аагтай шаргал цайны чинь оронд

Амилуулж дуулсан дуугаа өгье өө

Аялгуу шингээсэн дууг минь

Ачит ижий минь уу даа

Аягалан аягалан уу даа

Амтлан амтлан уу даа” гээд орууллаа. Тэгээд л ээждээ очоод дуулж өгтөл жигтэйхэн баярлаж байна аа. “Миний хүүхэн ээжийнхээ өндийж хөхүүлсэн бүх л ачийг хариулсан гэж бодоорой. Ээж нь их башийлаа” гэж билээ.

-Удахгүй болох тоглолтынхоо талаар мэдээлэл хүргэхгүй юу?

-Би их олон тайлан тоглолт хийсэн хүн л дээ. Нэг жилд хоёрыг ч хийж байлаа. Ноднин миний 50 жил дуулж, 30 жил багшилсны ой болоод шавь нар маань хүндэтгэлийн тоглолт хийсэн. Өнөө жил бол “Хүмүүний нэгэн урсгал” гэж дуу минь их түглээ.

“Хүмүүний нэгэн урсгал” дуу “Би” гэдэг шүлгээр аяыг нь зохиочихсон надад ирсэн юм. Өнөө жил “Хүмүүний нэгэн урсгал” дуугаа хөгжимтэй дуулаад хөгжимгүйгээр үзэгчидтэйгээ дуулъя гэж бодож байна. Үзэгчид ээ, баярлуулъя. Үзэгчгүйгээр уулын орой дээр гараад л дуулаад байвал би хэн билээ дээ. Хэн ч биш шүү дээ. Тэгэхээр үзэгчдээ хүндлэх учиртай.

Тоглолт маань 2023 оны 5 дугаар сарын 31-нд UB palace-д 19 цагаас болно.

-Урлаг соёлын салбарынхны нийгмийн хангамжийн асуудал сүүлийн үед хурцаар яригдаж байна. Цалингаа нэмүүлэхээр жагсаж байна. Та үүнд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Урлагийнхан үнэндээ цалин бага. Залуу дуучид тун хэцүү шүү дээ. Дөнгөж өсөж, үржиж үр хүүхэдтэй болцгоож байна. Байр байшин байхгүй. Аливаа юмны хөшүүрэг нь цалин хөлс. Үнэндээ шийдэж өгөх цаг нь болчихсон. Манай урлагийнхан гадаа гараад жагсдаггүй. Өөрийнхөө сэтгэлээр урлагт аргамжаатай учраас өөрийн эрхгүй тэндээ л байгаад байдаг. Одоо бол хэлэх цаг нь болж дээ. Урлагийнхнаа бүгдийг нь ингээд алдчихвал хэцүү л байх. Энэ улсын нүүр царайнд ч эвгүй л байх. Өрхөө татаад үүдээ сайн сахиарай гэж хэлмээр байна.

 

Эх сурвалж: toim.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
647241
8 эможи

Зочин
2023-05-22 14:24
Хүнлэл Хүндэлж биширч явдаг дуучин. Тандаа урт удаан наслахыг ерөөе
keyboard_arrow_up