Алдарт “Карнеги холл”-ын тайзнаа тоглох 12 настай Монгол хүү

2021 оны 8 сарын 12

Arslan.mn

Алтан үеийн сонгодог хөгжмийн олон улсын тэмцээн нь дэлхийн бүх улс орны төгөлдөр хуур, хийл, лимбэ, босоо ятга, дуурийн дуулаач гэсэн төрлөөр нас насны ангилалд шалгаруулалт явуулдаг. Энэ тэмцээн нь дэлхийн алдартай театр  ”Карнегийн холлд” насны ангилалд түрүүлж байр эзэлсэн оролцогчид тоглолтоо хийж шагналаа гардан авдаг. Энэ удаагийн тэмцээнд 30 гаруй орны оролцогчид цахимаар бүтээлээ явуулж оролцсон юм.

Монгол Улсаас оролцогч Даваанямын Бямбажаргал 9-12 насны ангилалд Моцартын Соната, Р.Гиер Рондо гэсэн зохиолоор  оролцож хоёрдугаар байранд орж эх орныхоо нэрийг гаргаж чадлаа. Сонгодог хөгжмийн Гранпри гардуулах ёслолын ажиллагаа аравдугаар сард болох бөгөөд оролцогч Даваанямын Бямбажаргал эх орноо төлөөлөн багштайгаа АНУ-ын Нью-Йорк хотыг зорихоор болсон.

Оролцогч Д.Бямбажаргал нь “Карнегийн холл”-ын алтан тайзнаа гарах бэлтгэлдээ ороод байна. Энэ тэмцээн АНУ-ын Нью-Йорк хотод болох байсан ч COVID-19 цар тахлын улмаас цахимаар зохион байгуулжээ.

Д.Бямбажаргал өмнө нь тайлан тоглолтоо хийж байсан. Анх удаа олон улсын тэмцээнд оролцоод хоёрдугаар байрт орсон. Багштайгаа зургаан сар бэлдсэн. Төгөлдөр хуур сонирхож хичээллэдэг ч хөгжимчин болохгүй. Монгол Улсын консерваторт шалгалт өгсөн ч богино хуруутай гээд тэнцээгүй учраас сонирхлынхоо дагуу төгөлдөр хуурын дугуйланд явсан. Одоогоор ямар мэргэжилтэй болохоо шийдээгүй байна гэж байлаа.

Э.Мөнхтуяа: Сурагчдаа зорилготой болоосой гэсэндээ тэмцээнд бэлддэг

Түүний талаар төгөлдөр хуурын багш Э.Мөнхтуяа “Би хөгжмийн тэмцээнд 2015 оноос хойш өөрөө оролцож, шавь нараа бас оролцуулж байна. Энэ удаагийн тэмцээнд Д.Бямбажаргал онооны байдлаараа хоёрдугаар байранд орох хэмжээний тоглосон гэж шүүгч нар үзсэн. Шавь маань тэмцээнд шалгарсан оролцогчдын хамт АНУ-ын Нью-Йоркын алдарт “Карнеги холл” концертын танхимд тайлан тоглолт хийнэ. Ялагчид тэнд очоод Карнеги Холлд тоглолт хийхээс гадна Нью-Йорк дахь дэлхийн алдарт Жуллиардын хөгжмийн их сургуулиар зочлон, эрдэмтэн багш нараас зөвлөгөө авна. Манай “Мөнх аялгуу” дугуйлан төгөлдөр хуурыг сууриас нь эхлээд бүх насны хүнд заадаг. Багш бүрийн нийтлэг зорилго бол сурагчдаа идэвхжүүлэх байдаг. Учир нь сурагч өөрөө хийж буй зүйлдээ дуртай, зорилготой болох үед сурах хандлага нь сайжирч, бусад хүний нөлөөлөл шаардахгүйгээр өөрийгөө илүү дайчилж эхэлдэг. Би сурагчдаа олон улсын тэмцээнд байр эзлүүлэхээс илүү өөрийн зорилготой болоосой гэсэндээ тэмцээнд бэлддэг.

сонин mn

Хүүхдүүд Нью-Йоркод очиж үзэх, “Карнеги холл”д тоглож үзээд илүү томыг харж, зорилготой болно. Жуллиардын сургуульд хөгжмийн чиглэлээр сурахад ямар чадварууд шаарддагийг мэдчихвэл цаашдын мэргэжлийн замналаа төлөвлөхөд хэрэг болно. Сурагч бүр энэ мэргэжлээр мэргэжлийн сургуульд сурах албагүй ч, дугуйланд хичээллэж байхад тэдэнд ийм боломж байдаг гэдгийг ойлгуулахыг хүсдэг.

Төгөлдөр хуур хүнд тэвчээртэй, тууштай байх мэдрэмжийг суулгадаг. Төгөлдөр хуурыг хоёр гараараа тоглодог учир хүний тархины үйл ажиллагааг жигд хөгжүүлдэг. Хөгжим хүний хүн чанар, бусдыг энэрч хайрлах чадварыг төлөвшүүлдэг.

Сурагч маань хувиараа дугуйланд ирж хичээллэж байгаа учраас хүсэл зорилгыг нь авч үзээд эцэг эхтэй нь зөвлөж байгаад цаашид сонирхогчийн түвшнээсээ дэвшиж мэргэжлийн төгөлдөр хуурчдын тэмцээнд орж болно.

Мэргэжлийн төгөлдөр хуурчийн тэмцээнд олимп шиг улсаа төлөөлөөд оролцдог. Жил бүр тэмцээнүүдэд оролцох боломжтой. Үргэлжүүлэх эсэн нь суралцагчийн хүсэл зорилгоос л хамаарна” гэсэн юм.

Д.Бямбажаргалын аав М.Давааням “Олон улсын тэмцээнд ороод байр эзлэхэд итгэж ядан, баяртай байсан. Хүүгээрээ бахархаж байна. Дөрвөн жилийн турш хүүгээ төгөлдөр хуурын хичээлд нь хүргэж өгч байсан. Долоо хоногт хоёр удаа төгөлдөр хуурын сургалтдаа явдаг. Хүү маань их хөдөлгөөнтэй хүүхэд байсан учраас сууж сургах үүднээс төгөлдөр хуураар хичээллүүлсэн. Хичээллэж эхэлснээсээ хойш дөрөв дэх жилдээ олон улсын тэмцээнд шалгарлаа. Өөрөө сонсгол сайтай, мэдрэмжтэй хүүхэд учраас цаашид чадварыг нь сорино гэж бодож байгаа” гэв. Хөдөлмөрч хичээнгүй багш, шавь хоёрт урлагийн өндөр амжилт хүсье. 

Г.Мичидмаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629728
3 эможи

keyboard_arrow_up