Б.Догмид: Цамхгийн цагаан салхи /тууж/

2014 оны 7 сарын 22

 Наран саран хоёрын хооронд зундаа улайсч өвөлдөө царцдаг бидэрт хонгор манхны элс, бодол адил аниргүйхэн нүүдэллэдэг өмнийн хөлгөн их говьд Цагаан элс хэмээх нэртэй цайдам их хөндий бий. Хужир, мараа  ургасан их их шал тойром, сүм дуганын хана, хэрэмтэй андуурам салхи бороонд идэгдэн элэгдсэн нүцгэн улаан цав, элс манхан, бут шаваг үргэлжилсэн цагаан элс хэмээх тэр их цайдам хөндийд үзээгүй хүний ой тойнд багтамгүй, дор нь очоод өлийн харж гэмээнэ малгай унан, толгой эргэмээр өрмийн хэдэн өндөр цамхаг байдаг. Хялганын саадаг хөндөх салхи савиргүй дулаахан өдөр ч гэсэн тэр цамхгуудын оройд жавар, салхи орогнон сэрүү татаж байдгийг түүний дээр гарч үзээгүй хүн яахан мэдэхсэн билээ. Эргэн очихгүйгээр үхэж болохгүй газар шороо гэж хүнд байдагсан бол Халтархүүгийн хувьд тэр газар нь мөнөөхөн Цагаан элсний хөндий мөнөөсөө мөн билээ.

Насан туршдаа борви бохисхийлгүй сайн, муу хэлэгдэн хоёр гарынхаа хүчээр хэдэн хар толгойгоо тэжээсээр арай чүү тэтгэврийн насанд хүртэл Халтархүүгийн цээжинд гучин хэдэн жил сумны хэлтэрхий адил хадгалагдан шаналгаж явсан нэгэн эмзэг бодол өдөр өнгөрөх бүр өвчин орох мэт хөндүүрлэн амар жимэр суулгахыг болив.

Хоёр нарны хооронд гэр ажил хоёрынхоо дунд яарч, энэ тэр лүү самгардан гүйж явахад бараг мартагдан шарх сорви нь бага багаар анин эдгэж байсан тэр эмзэг хөндүүр бодол яг тэтгэвэрт гараад одоо л нэг амар жимэр хэвтэж ясаа жаал амраая гэтэл бие, эм хоёрт дассан архаг хууч өвчинтэй хамт сэдэрч сүүлийн хэдэн сард Халтархүүг бараг л нойр хоолноос гаргажээ.

 

Ямар хүн алчихсан биш, төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр хэзээ ч бүтэхгүй шал дэмий юмны хойноос аашныхаа мууд муу биеэ зовоогоод яана. Бодох санах юмгүй хэдэн жил химэнд идэгдсэн хэдэн ясаа амраагаад хайрцагт орвол болоо биш шүү. Надаас хэн ч түүний өр төлөөсийг нэхээгүй.

Би ямар улс орны жолоо атгалцсан эрх мэдэлтэй төрийн сайд, дарга биш. Өөртөө огтын хүртээлгүй хэргийн төлөө ингэтлээ санааширч тав тохь алдан өөрийгөө болон дэргэдэх хань ижлээ зовоохын хэрэг юу байна гэж санахдаа мөнөөх гайтай хөөтэй бодлыг цээжнээсээ гарган хаяхыг хичээгээд хичээгээд чадсангүй.

Үхэхдээ хүртэл өглөг, авлагаа цайруулж, сэтгэлээ түвшитгэсэн хойноо нүд аньдаг Монгол хүний мах цусанд шингэсэн араншин ч юмсан уу, аль эсхүл амьдралын элдэв адармаатай нугачаа, алдаа оноо, зовлон жаргалын алинд ч эвдрээгүй дүн нуруутай эр хүний ацаг, хариу санадаггүй гүдэсхэн зан хоёрын алин болохыг ялгахын аргагүй.

Ямар ч л байсан мөрөөдөл, дурдатгал хоёрын дунд мөлхсөөр яваад дуусдаг эгэлхэн хүний ёс, хувь тавилан байхаас зайлахгүй.

Олон сарын өмнөөс амьхандаа аян замд бэлтгэн муу хуучин тэргээ засч, шинэ, хуучин сэлбэг цуглуулсаар бүх юм санаанд багтан, жин тан болоод ирэв.

Ингээд хэд хоногийн өмнө эхнэрээ хориглосоор байтал үнэн худал хэлж, өөрийнхөө санаснаар зүтгэсээр байгаад аян замд гарчээ.

Зүүд нойрны үзэгдэл үү гэлтэй жин үдийн морин зэрэглээнд газраас тэнгэрт цоройлон тасарсан нефтийн хэдэн хуучин цамхгийн барааг алсаас олж хараад Халтархүүгийн зүрх догдлон хуучин муу тэрэгнийхээ хаазыг тултал гишгэн хөдөлгүүрээ ээрүүллээ.

Өвгөн ингэж гурав дахь хоногийнхоо үдээс хойш зорин гарсан газартаа ирлээ. Зуны дунд сарын хүнд халуун агаар мөр дарах говь нутгийн намхан шаргал тэнгэрийг баганадсан энэ хэдэн цамхгийг нэг их үнэтэй цэнэтэй юмаа говьд орхичихсон хүн шиг мөн ч олон шөнө сэтгэлдээ сүүмэлзүүлэн зүүдэлсэнсэн.

Араасаа зүүсэн хөнгөн чиргүүл дээр аяны жижиг майхан, бензин тос, тогоо шанага ачсан Газ жаран долоо машин урд өмнө тэрэг чарга явж хагалаагүй элстэй энхэл тонхил замаар утаа тоос манарган хүнд араагаараа зүтгэнэ.

Тэргээ замын эргэлт тохой дээр шарван хүч алдах тоолонд хааз гишгэсэн хөлөө үл мэдэг чичирхийлэхийг харсан Халтархүү жолоогоо хариулан мушгих зуураа “Хавар мөс нимгэрсэн үед далайн замаар, хар цагаан хилийн заагаар явж байгаа юм шиг хөл чичирдэг нь юу ч вэ дээ” гэж дургүйцэн бодлоо. Өмнөөс үлээх эртний танил, давс шорвог амттай хуурай халуун салхи түүний бууралтсан санчиг үсийг сэрвэлзүүлэн хийсгэнэ.

Хурам хурмаар довтолгон ойртох бүр, цамхгийн орой өндөрших бүр Халтархүүгийн зүрхэнд ер бусын хөг аялгуу эгшиглэн догдолж харахаас царай муутай хуучин муу “жаран долоо” бас эзэн шигээ сэтгэл хөөрөв үү гэлтэй биендээ байшгүй их хүч гарган тоосон дунд дэгдэж буух жижиг чиргүүлээ дугтчин хурдаллаа.

Эхийгээ харсан унага адил бөмбөлзтөл давхиж явсан хөнгөн тэрэг замаас гарч Цагаан элсний хэдэн цамхаг өөд эргэлээ. Халтархүү хурдаа хасан аажуухан явсаар хамгийн наад захын цамхгийг нар зөв тойроод түүний сүүдэрт очиж зогслоо.

Наранд халсан нефтийн танил дотнохон үнэрээс гэнэт тавин хэдэн оны нар салхи, өвс ургамал ханхлаад явчих шиг боллоо.

Халтархүү явган гүйж ирсэн мэт оволзох амьсгаагаа түр зуур намдаах гэхдээ машинаасаа буулгүй жолоогоо дэрлэн нүдээ аниад зүрхнийхээ цохилтыг чагнан хэдэн мөч сууснаа тэрэгнээсээ буулаа. Тэгээд цамхаг руу гүйх шахан очиж цооногноос асгарсан нефтинд хуруугаа хүргэн үнэрлэв.

Гал халуун наранд зээр гөрөөс байтугай зэрэглээ хүртэл хөлрөн цангадаг энэ ээрэм их говьд он жилийн салхи шуургыг үл ажран эрхэмсэг бардам тэргүүнээ өргөн зам харгуйн үзүүр ширтэн торолзох энэ хэдэн цамхгийн барааг үхэхийнхээ наана харах л гэж Халтархүү хорин өртөө газрын чанадаас энд ирэх нэг их чухал ажилтай хүн шиг муу тэрэгнийнхээ тэнхээгээр зүтгүүлсээр иржээ.

Тэр газраас нойр хоолоо хасан байж тэмцэж ирснийх,энэ хэдэн цамхагтай ганц үг сольдогсон бол бас яахав гэхсэн. Гэтэл тийм юм байхгүй. Хаана ч хайхрах эзэн, данс бүртгэл байхгүй болсон энэ цамхгуудыг учир үл мэдэх хүмүүс алсаас харвал хэдийд босгосон юу юм бол, аль нэгэн цагт үйлдвэр уурхайн яндан байсан юм байхдаа гэж гайхаад л өнгөрөх биз.

Гэтэл шат, тагт дээр нь шувуу үүр өндгөө зассан эдгээр хэдэн зэвэрсэн цамхаг тээр нэгэн цагт хамгийн үнэ цэнэтэй ховор нандин хөрөнгө хэмээн үнэлэгдэж, алс холын Баку хотоос Монголд залагдан ирж, энэ цагаан элсний хөндийд түүнийг суурилуулж босгох ёслол дээр засаг төрийн тэргүүн сайд нар морилон ирцгээж, хүндэтгэлийн улаан тууз хайчлан нээж, гуулин хөгжимд төрийн дуулал эгшиглэж байсныг мэдэх цөөн хүний нэг бол Халтархүү билээ.

Ирсэн хүн цамхгийн суурийг тойрон явж, түүний эргэн тойронд элсэнд булагдан ундуй сундуй хэвтэж байгаа өрмийн хошуу, ган яндангууд, багаж түлхүүр сэлтийг бүртгэх мэт харамсан халагласан харцаар гүйлгэн ажигласнаа цамхгийн орой өөд саравчлан харлаа. Харганы ноостой зүйрлэм армаг тармаг цагаан үүлсийн наагуур  цамхгийн гурвалжин орой хойд зүг аниргүйхэн гулган нүүдэллэнэ. Халтархүү түүнийг сонирхон харж зогстол, гэнэт толгой эргэн золтой л савж унасангүй.

Бүл чадалтай цочмог омголон насанд тавиад алд энэ өндөр цамхгийн орой дээр хамгаалалтын бүс хийлгүйгээр залуу ирвэс хаданд асахын адил гүйх шахам гардаг байсан хүн одоо түүний дээр гарах нь бүү хэл дороос нь өлийж хараад толгой эргэн унах гэж байдаг хэмээн харамсан бодсоноо хоёр гараараа нүүрээ даран, нүдээ анилаа. Тэгээд тэргээ асаан барагшин тос нэвчээгүй эрүүл тэгшхэн газар очиж, чиргүүлээ салгаж, ачаагаа буулган майхнаа босгоод гурван чулуу тулж, загийн мөчир гишүү цуглуулан гал асаан цай үйлээ.

Эндээс холхон саахалтын зайтай газар Халтархүүгийн хамгийн сүүлд өрөмдсөн тавин дөрөвдүгээр цооног бий. Тавин дөрөвдүгээр цооног...

Энэ бол Халтархүүгийн цээжинд гучин хэдэн жил хадгалагдан шаналгасан сэтгэлийн шарх, нэмэх ч үгүй, хасах ч үгүй чилийсэн таван жилээр таслуулж, яллуулсан шүүхийн тогтоол юм. Тэнд өвгөний нэгэн насны горьдлого, найдвар, гомдол, гэмшил булаастай бий.

Хужир мараа ургасан хуурай цагаан тойром, улайстлаа халсан элс манхан, наршин харласан гүрвүүл, хагарч хагсатлаа хатсан заг сухай өнгөцхөн харсан хангайн хүнд амьтай голтой амьтан тэсэхийн авралгүй юм шиг үзэгдэвч говийн намар шиг нас хэнзлэм сайхан улирлыг гэгээн өдөр гэрэл бариад явсан ч ертөнцийн аль ч газар орноос олохгүй. Саахалтын зайтай харагдах говийн том шаргал од, сэтгэлийн чанадад хэн нэгэн хүн дуулаад байна уу даа гэмээр гоо жавхлантай хээнцэр амгалан шөнийг энэ хүн мах цусаараа таашаалж мэдэрдэг билээ.

Өвгөн цай чанан ууж, аян замын алжаалаа тайлаад өрмийн цамхаг дээр гарч алсын бараа, ойр орчныг сонирхон хардаг юм уу гэснээ толгой эргэн унах юун магад хэмээн хаширлаад өөрийнхөө гараар хамгийн сүүлд өрөмдсөн тавин дөрөвдүгээр цооног дээр очихоор тэргээ асаалаа. Тавин дөрөвдүгээр цооног гэдэг маань тэмээ мал шөргөөсөөр байгаад ёроолын газар нь элэгдэн хонхойсон,   босоо хүний дайтай өндөр, ганц зэвэрсэн яндан.

Гучин хэдэн жилийн тэртээ Халтархүүгийн таглаад орхисон яг л тэр хэвээр бөгөөд түүний хажуу бөөрөн дээр “Цооног № 54 Д.Халтархүү 1951.9.7” гэж хийн гагнуураар урсган бичсэн үсгийг тэмээ мал шөргөөсөөр байгаад цайрдан өнгөлсөн мэт тодруулжээ. Энэ үсгүүдийг Халтархүү шоронд ачигдахынхаа урд өдөр бичиж, цооногийн янданг битүүлэн гагнаж орхижээ.

Өөрийн хүч, ухаан мөхөсдөн орхисон аваар/газрын гүнд хугарсан яндан/-ыг хожмын өдөр хэн нэгэн хүчирхэг багаж барьсан эрдэм мэдлэгтэй хүн ирээд авч юун магад гэж горьдохдоо ийнхүү тэмдэг тавин нэр усаа бичсэн юмсанж.

Халтархүү цагаан элсний хөндий дэх энэ цооногийг хорин настай хонгор зүстэй байхдаа анх амлан авч өрөмдөөд шөнө үүрэглэж байж өрмөө хугалаад нэг мөсөн баларсан. Бага залуугийн дэвэргэн зангаар бүхнийг сэтгэлчлэн бүтэх юм шиг бодон өрөмдье л гэж өрөмдсөнөөс биш хожмын өдөр ямар ял, шагнал сонсох тухай даанч зүүдэлсэнгүй.

Тэр үед аливаа их бага ажил түүний цээжинд багтан, гарт баригдаад байдаг “өвчтэй” байжээ. Хайгуулын ангийн дарга нэг өдөр Халтархүүг дуудан итгэж найдсан хүний дуугаар:

-За Халтархүү минь би чамтай нэгэн зүйлийг ярилцъя гэж бодоод дуудуулсан юм. Юу вэ гэвэл бид анхныхаа өндөр даралттай нефтийн цэгийг оллоо. Өөрийн даралтаар хүчтэй оргилдог ийм цэг манай улс байтугай дэлхийд ховор олддог зүйл. Иймд энэ цэгийг өрөмдөх үүргийг манай хамт олон намын гишүүний чинь хувьд танд даалгаж байна. Энэ бол намын даалгавар. Бидний дотор байгаа хамгийн олон жил ажилласан туршлагатай, өндөр зэрэгтэй хүн бол өөрөө учраас тэр даралттай цэгийг Халтархүү та л өрөмдөж чадна.  Энэ бол нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажил гэж хэлээд хайгуулын цэг, зам маршрут тэмдэглэсэн  дэлгэрэнгүй зураг гарган ширээн дээрээ дэлгэж билээ. Өндөр даралттай нефть өрөмдөнө гэдэг амь насанд ч аюултай галт уулаас ч дутуугүй хүчтэй оргилдог. Ингэж оргилохдоо дээрээ зоолттой байгаа хэдэн арван тонн жинтэй цамхгийг сууриар нь ховх татан хэдэн зуун метр хол авч шиддэг тохиолдол ч байдгийг тэр сургаар мэдэх боловч “Би чадахгүй байх” гэж ер бодогдсонгүй.

Бүх юм цээжинд багтан Монголд олдсон тэр анхны өндөр даралттай цэгийг л өрөмдөхийн тулд хорвоо дээр хүн болж төрсөн мэт өөрийнхөө хэр хэмжээнээс хэтэрсэн амгалан, сэхүүн бодолдоо баясан баярлаж билээ. Халтархүүг гадагш гарахаар эргэхэд хайгуул ангийн дарга зальжин нүдээр инээмсэглэн:

-Хэрэв чи яамны сайдын анхаарал татсан энэ цэгийг аюул осолгүй өрөмдөөд даралттай нефть гаргачихдаг юм бол тэр цооногийн дэргэд чиний нэрийг алтан үсгээр сийлж алдаршуулсан дурсгалын самбар босгоно.Тэр ч байтугай энгэр цоолж ч магадгүй гэж мэдээрэй хэмээн ам дүүрэн хэлээд амжилт хүсэн гар барьсансан.

Халтархүү газар хатгаастай янданг тойрч анх удаагаа үзэж байгаа юм шиг энд тэнд нь гаран ажиглаж хэсэг зогссоноо өөрийгөө тайвшруулах гэхдээ тамхи гарган асаалаа. Тамхиа аажуухан сорон газар шагайн суух өвгөний нүдэнд мянга гаруй метрийн гүнд хугарсан өрөмний хошуу гэнэт үзэгдэх шиг болоход золтой л цочсонгүй. Газрын доор байгаа тэр өрөмний хошууг үнэхээр харав уу аль эсхүл бодолдоо үзэв үү гэдгээ ч ялгаж ухаарсангүй. Тэр цагт залуу халуун болоод газрын тогтоц, өндөр намыг анзаарах зав ухаан байсангүй.  Харин эдүгээ хал үзэн хашир суусан хүний нүдээр шинжин харжээ суувал тавин дөрөвдүгээр цооног буй энэ бяцхан дов алсаараа их хонхордуу нууц газар байлаа. Газрын гулсалт, түлхэлцэл, халуун лав, нефтийн даралт, түрэлтийн хүчинд алсаараа доошоо суусан ч байж юуны магад гэмээр.

Нэг үйлдвэрийг байтугай, нэг улс гүрний хэрэгцээг хангах нефтийн их орд энэ цооног доор байхыг үгүйсгэхийн аргагүй. Ертөнцийн ай, савд орших эрдэнэс,  ашигт малтмалын ордыг айлын авдранд буй өчүүхэн хөрөнгөтэй адилтгах зүйл биш гэж санахаас түүнийг нээж чадаагүйдээ Халтархүү аль дивангарт насныхаа багад мөнх бусыг үзүүлсэн эхнэрийнхээ булшин дээр ирсэн хүнээс дутуугүй эмгэнэн гашуудлаа. Үргэлжлэл...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6151
0 эможи
keyboard_arrow_up