“Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгасан мисс Б.Гантогоо
"Miss Mognolia-2005" тэмцээний тэргүүн байрын шагналт мисс Б.Гантогоо олон улсад нэр хүндтэй томоохон тэмцээнүүдэд амжилт гаргаж явсан сайхан бүсгүй. Тэрбээр 15 насандаа БНСУ-ын Андрей Кимын нэрэмжит модель центрийн академийг төгссөн анхны монгол төгсөгч. Тухайн үедээ олон улсын 10 гаруй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан удаатай. Монголынхоо охид, бүсгүйчүүдэд боломж олгож, эх орноо таниулах хэрэгтэй юм байна гэж үзэн “Мисс Монгол аялал жуулчлалын холбоо”-г байгуулсан байдаг. Энэхүү байгууллага нь өдгөө ч амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Б.Гантогоо "Би Өмнөговь аймгийн Ханбогд суманд өвөө, эмээгийнхээ дэргэд өссөн. Манай говийн ард түмэн их найрсаг, хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй улсууд байдаг юм. Манай нутаг чинь Гурвансайхан уул, Ёлын ам, Хонгорын элс гээд үзэсгэлэнт байгальтай сайхан нутаг. Хүн ер нь унасан газар, угаасан устайгаа байнга холбоотой байх ёстой гэж би боддог. Гурван жилдээ нэг удаа нутагтаа заавал очиж, мөргөж явбал ажил үйлс нь бүтэмжтэй байдаг юм болов уу гэж боддог доо. Сүүлийн үед манай нутгийн Ханбогд уулыг Дэлхийн энергийн төв гэж тодорхойлж байгаа. Миний хувьд Ханбогд уулаа шүтдэг хүн. Нутгийнхаа уул ус, ард түмнийг шүтэж, биширч амьдрах юм бол хүний хүсэл, ажил үйлс бүгд бүтэмжтэй сайхан байдаг болов уу" хэмээн төрсөн нутгаа магтан ярьдаг.
Түүнд МУСТА цолыг үндэсний дээл хувцсыг дэлхийн хэмжээнд гаргасан хөдөлмөр зүтгэлийг үнэлж өгсөн гэдэг.
Дэлхийн мисстэй өрсөлдөж байсан сайхан бүсгүйчүүдийг эх орондоо урьж, хүмүүнлэгийн үйлст уриалсан билээ. Тэгвэл энэ жилийн наадмаар түүний гавьяа зүтгэлийг үнэлж ССАЖЯ-наас “Алтан гадас одон”-гоор шагнасан юм. Тэрбээр загварын тайзнаа гараад 10 жилийг ардаа үджээ.