ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл залуу циркчидийг хүлээн авч уулзлаа
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл “Шонхор цирк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Онон, ХУД-ын ИТХ-ын төлөөлөгч, 14-р хорооны Засаг дарга Г.Батсуурь болон Өмнөд Солонгосын Чежү арал дах “Pony valley” циркид жүжигчнээр ажиллах сонгон шалгаруулалтад тэнцсэн Өлзийт хорооллын хүүхдүүдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү циркэд жүжигчнээр очихоор нийт 40 гаруй хүүхэд бүртгүүлсэн ба хүмүүжил, ёс суртахуун зэрэг олон шалгуураар 3 сар гаруй хугацаанд шалгаруулалт явагдсан байна.
Шалгаруулалтад 5 хүүхэд тэнцсэн бөгөөд Залуучуудын холбооноос Даваасүрэнгийн Цэвээндорж, Батбаярын Сансар, “Шонхор цирк” ХХК-ийн жүжигчин Мөнхдавгын Батбагана, Өлзийт хорооллын морь унаач хүүхдүүд болох Отгонбаярын Ганзориг, спортын мастер Батмөнхийн Билгэгүн нар шалгарсан байна.
Эдгээр хүүхдүүд энэ сарын арван нэгний өдөр Чежү хотыг зорих юм байна. “Pony valley”циркид 2 жилийн хугацаатай ажиллах ба сайн ажиллаад, өөрсдөө хүсвэл гэрээг ахин сунгах боломжтой юм байна. Эдгээр хүүхдүүд бүгд Чежүд ажиллаж байх хугацаандаа Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалаа Сөүл дэх нийгмийн даатгалын салбараар дамжуулан Монголдоо төлнө гэдгийг “Шонхор цирк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Онон хэлсэн юм.
Ц.Оюунгэрэл сайд Чежү зорих хүүхдүүдэд амжилт хүсэхийн ялдамд цаашид олон сайхан монгол залуусыг моринд дуртай болгоорой хэмээгээд өөрсдөө ч гэсэн том болоод олон морьтон бэлдэхийг ерөөсөн юм.