Ц.Бавуудорж Монголын их амар амгалан

2014 оны 7 сарын 02

Мордож буй улаан дээлтэй өвгөн
Монголын их амар амгалан
Морины хөлөөс чөдөр уйдаж
Шөнийн талд гуних
Монголын их амар амгалан
Модон тэрэгний хөх дугуй
Шинэ өвсний солонго гишгэх
Монголын их амар амгалан
Молор саран
Монголын их амар амгалан Өндөр цагаан үүлс
Монголын их амар амгалан
Гэсэр жангарын шарласан хуудас
Монголын их амар амгалан
Гол мөрөн урсах
Монголын их амар амгалан
Гоолингоо
Монголын их амар амгалан
Эрдэнийн сормуусаа униарт дүрж
Адуу унтах
Монголын их амар амгалан
Эр хүн ятгатай дуулах
Монголын их амар амгалан
Алтай хангай
Монголын их амар амгалан
Арван тавны саран
Монголын их амар амгалан
Гучин гурван говь
Монголын их амар амгалан
Гучин гуравтай харцуул
Монголын их амар амгалан
Ганга агийн торгон суунаг
Монголын их амар амгалан
Ганган харцтай бүсгүйчүүд
Монголын их амар амгалан
Жаргаж гуних
Монголын их амар амгалан
Зангирсан нулимс дотогшоо урсах
Монголын их амар амгалан
Хөх хөх аргалын дөл
Монголын их амар амгалан
Хөсөг нүүдэл
Монголын их амар амгалан
Тооноор туссан наран дотор
Хүү мөлхөх
Монголын их амар амгалан
Тогоонтөмөр хаан
Монголын их амар амгалан
Амар болоочийг ачсан
Цагаан тэмээ
Монголын их амар амгалан
Анирхан талын бүүвэй
Монголын их амар амгалан
Буурин дээр нялх ногоо цухуйх
Монголын их амар амгалан
Бурханы мэлмий
Монголын их амар амгалан
Богд шиг миний залбирсан
Наран, саран
Тэнгэрийн их амар амгалан
Болор биеийг минь нууцлах
Газар шороо
Дорнын их амар амгалан
Ижийгээр минь бүүвэй аялуулж
Эцгээр минь үнэг эсгүүлсэн
Дэрлээд нойрсох
Миний хатан өвөр
Монголын их амар амгалан
Дэргэдээ дуудаж толгойгоо түшүүлэх
Миний хаан үр
Монголын их амар амгалан

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5313
0 эможи
keyboard_arrow_up