”Монголчууд” түүхийн зурагт номын нээлт болно
"Монголчууд” (XVII-XX зууны эхэн) түүхийн зурагт номын нээлт энэ сарын 30-ны 14:00 цагт “Интерном” номын дэлгүүрт болохоор товлогджээ.
Энэхүү номыг монголчуудын түүхийн хамгийн чухал, нарийн судлагдаагүй “Манжийн үе” буюу XVII-XX зууны эхэн үеийн түүхийг түүхийн баримт, түүхэн дурсгалт газар нутаг, дурсгалууд, гар болон гэрэл зургууд, жуулчдын тэмдэглэл, элч нарын тайлан зэрэг арвин баримтад тулгуурлан бүтээсэн аж. Энэ үеийн түүх нь өнөө үед газар нутаг, улс үндэсний тусгаар тогтнолын асуудлын түүхэн улбааг танин мэдэхэд онцгой ач холбогдолтой нийт 1200 гаран гэрэл зураг, түүхийн баримт багтсан, түүх бичлэгийн хувьд онцгой ач холбогдолтой, шинэлэг хандлагаар бичигдсэн бүтээл юм.
Монголын их эзэнт гүрний дараа бидний өвөг дээдэс өөрсдийн албат явсан Манж, Оростой хэрхэн харилцсан, Евро Азийн уудам хөндийд улс төр, нийгэм, соёл, хүрээлэх орчны нөхцөл байдал хэрхэн хувирсан, Монголын газрын зурагт хэрхэн өөрчлөлт орсон, нүүдэлчдийн сүүлчийн их нүүдэл монголчуудын тархан суусан хувь тавилан, язгууртнуудаа хэрхэн домогчлон шүтэж ирсэн түүх бичлэгийн онцлог, бурхан шашны бодит байдал, Манж, Оросын дундах Монголчуудын тоглолт, харийн төрд захирагдахын учир, дэлхийн зах зээлийн системд одоогоос 150 гаруй жилийн тэртээ монголчууд орж ямар өрсөлдөөн явагдаж байсныг энэ бүтээлээс дэлгэрэнгүй мэдэж болохыг номын ерөнхий редактор, зохиогч түүхч С.Чулуун онцолсон байна.