Жүжигчин Ц.Баясгалан драмын урлагийн олимпиадад аваргалж 65 сая төгрөгөөр шагнагдахаар болжээ
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Цэрэндоржийн Баясгалан Косово улсад болсон моно жүжгийн "МонАкт-2014" фестивальд Монгол Улсаа төлөөлөн оролцсон юм. Түүний хувьд уг фестивальд “Би Эдит Пиаф байна” моно драмын жүжгээрээ амжилттай оролцож, "Шилдэг уран бүтээл-Гран при" шагналын эзэн болж, Монголын драмын урлагийг гадаад ертөнцөд тунхагласан анхны монгол жүжигчин болсон билээ. ЮНЕСКО-гоос зохион байгуулдаг тус фестивальд Герман, Польш, Орос, Монгол, Украйн, Македон, Косово, Монтенегро, Румын, Словак зэрэг дэлхийн 13 улсын 70 гаруй уран бүтээлчид өөрсдийн моно жүжгээр оролцсон аж. УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Францын алдарт дуучин Эдит Пиафын амьдрал уран бүтээлийг моно жүжгээрээ тайзнаа харуулахдаа түүний долоон дууг франц хэл дээр дуулжээ. Тус моно жүжгийг Украины зохиолч Нина Мазурын зохиолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулж ерөнхий зураачаар СТА Н.Батбилэг ажилласан юм.
Олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн, уралдаанаас гранпри болон шагналт байр эзэлсэн тамирчид, уран бүтээлчдэд Монгол Улсын Засгийн газраас шагнал урамшил олгодог тусгай тогтоол амьдрал дээр хэрэгжиж эхэлснийг зуны олимпийн наадам болон ДАШТ-д өндөр амжилт гаргасан тамирчдын урамшуулал тодорхой харуулдаг. Тэгвэл жүжигчин Ц.Баясгалангийн оролцож гранприг нь авчирсан фестиваль Засгийн газрын тогтоолд ЮНЕСКО-гоос зохион байгуулсан олон улсын фестиваль гэдгээрээ яг үг, үсэгчлэн таарч байгаа юм. Энэ тогтоолоор тэргүүн байр буюу гранпри хүртсэн уран бүтээлч 65 сая төгрөгийн эзэн болох юм байна. Монгол Улсын жүжигчдээс анх удаа эл нэр хүндтэй шагналыг эх орондоо авчирсан тул Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Улсын драмын эрдмийн театрынхан жүжигчин Ц.Баясгаланд Засгийн газрын тогтоолын дагуу 65 сая төгрөгөөр урамшуулахыг дэмжээд байгаа аж. Олимп, ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль авчирсан тамирчинд Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат болон төрийн дээд шагналыг шууд гардуулдаг уламжлалын дагуу бодсон ч жүжигчин Ц.Баясгалан Монгол Улсын гавьяат жүжигчин гэсэн эрхэм алдрын эзэн мөдхөн болно гэж түүний шүтэн бишрэгчид, мэргэжил нэгтнүүд найдлага тавьж байгаа юм байна. ЮНЕСКО-гоос зохион байгуулсан Косовогийн моно драмын “Моно АКТ” фестивалийг зохион байгуулах хорооны дарга Ментор Зимбарежаас Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд Ц.Баясгалангийн гранпри авсан амжилтыг баталгаажуулсан гарын үсэгтэй албан бичгийг саяхан ирүүлсэн байна.