Репиний академийн багш Б.Отгонтүвдэн үзэсгэлэнгээ нээнэ
976 Арт Галерейд ОХУ-ын Санкт Петербургийн Репиний академийн багш Б.Отгонтүвдэнгийн “Ленинградын Цагаан Шөнө” үзэсгэлэнг энэхүү үзэсгэлэнт хотод сурч, амьдарч, очиж байсан зуу зуун монголчуудад зориулан гаргах гэж байна.
Үзэсгэлэнд Санкт Петербург (хуучнаар Ленинград) хотын Исаакиевский сабор, Казанский сабор, Аничкин гүүр, Аврора, Зуны цэцэрлэг зэрэг дэлхийд алдартай барилга байшингууд, үзэсгэлэнт газруудыг газар дээр нь зурсан бүтээлүүдийг дэлгэх юм байна.
Зураач Б.Отгонтүвдэн нь 1984 онд төрсөн. ОХУ-ын Санкт-Петербург хотын И.Е.Репины нэрэмжит Улсын Уран Зургийн Академид багшлах эрх авсан анхны монгол уран бүтээлч юм. Энэ Академи ОХУ-д урлагийн боловсролын хамгийн том сургуульд тооцогдохоос гадна дэлхийн хамгийн нэр хүндтэй урлагийн сургуулийн тоонд зүй ёсоор багтдаг байна.
Дашрамд хэлэхэд ОХУ-ын урлаг судлаач Татьяна Троицкая зураач Б.Отгонтүвдэнг “Миний өгүүлэх уран бүтээлч бол оросын урлагийн хөрс, реализмын мандал дээр ургасан гайхамшигт ховор цэцэг шиг өнөөгийн уран зургийн ертөнцийн маш содон үзэгдэл” хэмээн дүгнэсэн байдаг аж.