Хар тамхинаас салаад репийг өөртөө цоо шинээр нээсэн
Маршалл Брюс Мэтерс III хэмээх урт нэртэй АНУ-ын Миссури мужийн Сент-Жосеф хэмээх жижигхэн хотын уугуул эрийг хөгжмийн ертөнц Эминем нэрээр нь андахгүй.
1972 оны аравдугаар сарын 27-нд төрсөн 42 настай рэп дуучин, хөгжмийн продюсер, жүжигчин түүнийг шинэ зууны эхний арван жилийн хамгийн орлоготой дуучин гэдэг билээ.
“Rolling Stone” сэтгүүл түүнийг Хип хопын хаан гэж өргөмжилсөн нь ч бий. Түүний арван ч цомог “Billboard” чартыг тэргүүлж байсан бөгөөд дэлхий даяар 100 сая гаруй цомог нь борлогдсон гэдэг.
Эминем рок-попын түүхэнд анх удаа шилдэг рэп цомог номинацид “Грэмми” шагналыг гурав дараалан хүртсэн нэгэн. Эминем өөрийн дуу бичлэгийн лэйблтэй төдийгүй “Shade 45” радиостанцтай ажээ.
Үүнээс гадна тэрээр өөрийнхөө намтраар “Найм дахь бээр” нэртэй хип-хоп драмын кинонд тоглосон бөгөөд энэ киноныхоо дуугаар “Оскар”-ын шаг нал хүртсэн билээ.
Ингээд, АНУ-ын “Life” сэтгүүлд өгсөн түүний ярилцлагыг толилуулъя.
-Таныг олон цус холилдсон хүн тул ийм содон амжилтад хүрсэн нь аргагүй гэдэг?
-Тийм шүү. Надад англи, шотланд, герман, швейцар, польш, бүр люксембург угсааны элдэв цус холилдсон гэдэг. Миний ээж Дебора 15-хан настай байхдаа аавтай танилцан тун удалгүй нэг гэрт орсон юм билээ. Тэгээд үүнээс хойш гурван жилийн дараа намайг арай гэж төрүүлсэн. Төрөлт удааширч гурав хоног шахам үргэлжилсэн тул ээж минь амиа алдахаа шахсан юм.
-Таныг төрснөөс нэг их удалгүй аав, ээж хоёр тань салж хоёр тийш болсон гэдэг. Таны амьдралын эмзэг сэдвийг хөндөж байгаа бол уучлаарай?
-Үүнийг одоо хүн болгон мэддэг болсон тул би юундаа ч эмзэглэх вэ дээ. Өрх толгойлсон ганц бие залуухан ээж минь намайг өсгөх гэж нэлээд юм үзсэн хүн. Ээж минь намайг дагуулан хотоос хот руу нүүдэллэн амьдралаа дээшлүүлэх гэж их ч мэрийсэн гэнэ лээ. Эцэст нь ээж бид хоёр Детройтын хар арьстнууд давамгайлсан дүүрэгт суурьшсан юм. Бид хоёрыг нагац ах Ронни дэмжин байн байн эргэдэг байсан нь их дэм болж байлаа.
- Дунд сургуульд байхдаа хар арьст ангийнхандаа зодуулан зэрэмдэг болохоо шахсан гэл үү?
- Сургуулийн бие засах өрөөнд үе тэнгийнхэнтэйгээ муудалцан нэвширтэл зодуулж билээ. Арав хоног орноосоо босч чадаагүй юм даг.
-Хар арьст хүүхдүүдийн дунд өссөн учраас л өөрөө рэппер болсон уу?
- Мэдээж тэгж хэлж болох байх. Анх нагац ах Ронни маань надад 1987 онд “Ice-T” хамтлагийн “Reckless” кассет бэлэглэж билээ. Түүнийг сонсоод л би эргэлт буцалтгүй рэппер болохоор шийдсэн юм. Цагаан арьстай намайг жинхэнэ МС болж чадахгүй гэж хүн бүр л эхэндээ тоомжиргүй ханддаг байсан даа. Миний найз Proof байгаагүйсэн бол би ч тэр үед хол явах ямар ч боломжгүй байсан шүү.
-Сэдвээ өөрчилбөл ямар вэ?
-Тэгвэл сайн сан. (инээв)
-Та нэгэн дуундаа, “Миний үглэх үг болгон ирлэсэн хутга шиг таны толгой руу гулган орно. Та ижил хүйстэн, трансвестит аль нь ч байсан хамаагүй. Гэхдээ өмд, даашинз өмсөнө гэдэг маш өөр. Ижил хүйстнүүдийг үзэн яддаг уу гэвэл би тийм гэнэ” гэжээ. Гэтэл таны найз Элтон Жон ижил хүйстэн шүү дээ?
-Аан, наадах чинь зүгээр л мөр холбосон балайрал. Баттлын үеэр рэпперүүд байнга л нэг нэгнээ үгээр дайран, бүр ижил хүйстэн энэ тэр гэдэг шүү дээ. Рэпийн ертөнцөд ингэж балайрах нь жирийн л үзэгдэл. Тэрнээс надад хүн ижил хүйстэн байна уу, үгүй юу, ёстой падлий ч байхгүй. Хоёр хүн нэг нэгэндээ үнэхээр хайртай бол эр, эм энээ тэрээ ер нь ямар хамаа байна аа. Мөн үү? Та ч сэдвээ айхтар өөрчилдөг сурвалжлагч байна шүү. (инээв)
-Уучлаарай. Гэхдээ сэдвээ дахиад л өөрчилье?
-Хаашаа л эргүүлэх гээд байна даа, болгоомжлоод л байна шүү. За тэг дээ.
-Та анх хэзээ хүчтэй хар тамхи хэрэглэж эхэлсэн бэ?
-Би тэгэхэд 24-25 настай л байсан болов уу. Тэр үед миний рэпперийн карьер дээсэн дөрөөн дээр тогтож байлаа. Би стрессээ тайлахын тулд кодеин гэгч тэр хогийг улам ихээр залгилах болсон доо. Дээр нь маш их нойрны эм хэрэглэхгүй бол унтаж чадахаа ч байсан юм. Товчдоо бол амьдрал ёстой новшийн байсан даа.
-Хар тамхинд донтсон үе тань таны уран бүтээлд хэрхэн нөлөөлсөн бол?
-Хар тамхи намайг боомилж, тархийг минь ажиллагаанаас гаргахаа шахсан. Ямар ч байсан миний сэтгэх хурд саарч, би дэндүү залхуу болсон билээ.
- Донтолтоос ангижирсны дараа таны уран бүтээл илүү чанаржсан уу, эсвэл?
-Би хар тамхи залгилахаа болиод шинээр төрсөн юм шиг л болсон. Бүх юм шинэ юм шиг санагдсан. Би мөр холболтод дахин суралцаж, рэпийг өөрөөр нээж эхэлсэн гэх үү дээ. Ер нь бөөн эрч хүч байсан тул, юм бүхэн эргээд сайхан санагдаж, уран бүтээл дахин надад “кайф” бэлэглхэ болсон юм. Би тийм их аз жаргалыг олон жил амсаагүй юм шүү дээ.
- Хар тамхины хамааралтай тэмцэх нь танд өөрийгөө доромжилсон хэрэг байв уу?
-Би өөрийгөө хэзээ ч Супермен гэж төсөөлж явсангүй. Гэхдээ намайг үнэхээр Супермен гэж төсөөлдөг хүмүүс байдаг юм билээ. Тэр хүмүүсийн итгэл үнэмшлийг би хөсөрдүүлэхгүйг хичээсэн гэх үү дээ. Иймд би өөрийгөө хүчлэн сэтгэл доторхи бугтайгаа жинхэнэ утгаараа тэмцэлдэж эхэлсэн. Хэдийгээр би эрүүлжсэн ч хуучин шигээ найз нөхөдтэйгөө хошигнох чадвараа алдаагүй шүү. Ямар ч байсан эрүүлдээ ч давгүй рэп зохиож болдгийг би нотолж чадсан. Бурханы авралаар би өөрийн хийх дуртай юм аа дахин хийх чадвартай болсон доо.
- Чиний сүүлийн цомгийг шүтэн бишрэгчид тань нааштайгаар хүлээн авсан. Миний бодлоор тэр цомог таны хамгийн анхны цомогтой олон зүйлээрээ ижилхэн санагдсан. Нэлээд юм үзэж, халуун чулуу долоосон эр эргээд анхны цомог руугаа өнгийн арай өөр өнцгөөр толилуулсан ч юм шиг сэтгэгдэл төрөх юм?
-Сүүлийн цомог маань өнгөрсөн жилүүдэд хийсэн дээш, доош савлагаа дууссаны үр дүнд гарсан анхных нь гэдгээрээ онцлог. Цоо шинэ Эминемийг сонсогчид нааштайгаар хүлээж авсанд үнэхээр сэтгэл хангалуун байна. Энэ маягаар рэпдэж болохыг мэдэрч авлаа. Цаашид энэ эрчээрээ явах болно оо. Ер нь миний бүх цомог миний тухайн үеийн сэтгэлийн байдлыг илэрхийлдэг. Шинэ цомогтоо би өнгөрснөө одоогийн өндөрлөгөөс дахин ухааран өөр өнцгөөс харахыг мэрийсэн дээ.
- Өөрөөр хэлбэл улирч одсон он жилүүдэд тохиосон онцгүй зүйлүүдээ дахин ухаж төнхөн нэг мөсөн орхихоор шийдэж дээ?
-Зарим дуунуудыг тийм агуулгатай гэж хэлж болох байх. Гэхдээ ерөнхийд нь авч үзвэл анхны цомгоо хийж байсан тэр үеийн уур амьсгалд эргэж нэг умбах нь надад таатай байсан юм. Чухам анхны цомгоороо л би яг ямар замаар, яаж уран бүтээлээ туурвихаа тогтсон шүү дээ. Тэр зарчмынхаа дагуу явсаар л би өдий хүрсэн юм билээ.
-Эминем шиг хүн өөрийн аливаа цомгоо сонгодог болсон гэж үзэхгүй нь лавтай. Гэхдээ л таны анхны “Marshall Mathers LP” цомгийг олон хүн орчин цагийн сонгодог цомог болсон гэж үздэг юм билээ?
- Тэгж боддог хүн олон байвал би үнэхээр баярлана. Гэхдээ таны онож хэлснээр би өөрийнхөө нэг ч уран бүтээлийг сонгодог хэмжээнд хүрсэн гэж боддоггүй шүү. Би өнгөрсөн үед талархлаа илэрхийлэн “Үүрд баяртай” гэдгээ хэлчихсэн. Одоо би зөвхөн ирээдүйг зүглэн өнөөдрөөр амьдран уран бүтээлээ үргэлжлүүлэхийг л хүсч байна.
-Энэ замналдаа амжилт гаргана гэдэгт эргэлзэхгүй байна?
- Эргэлзсэний хэрэггүй. Эминем шинэчлэгдсэн ч хэзээд Эминемээрээ. Миний уриа бол “Юу ч болсон зөвхөн урагшаа!”.
-Ингэхэд та өөртөө чухам яагаад Эминем гэх тайзны нэр авснаа уншигчдад эргэн сануулахгүй юу?
-Миний бүтэн нэрийг хэн гэдэг билээ? Тийм ээ. Маршалл Мэтерс. Товчилбол М&M. Үүнийг хурдан уншвал Эминем. Миний тайзны нэр ийм л энгийн утгатай даа.