Монголын кино урлагт цочроо өгөх 33 андерграунд киног танилцуулна
“Алтан хальс” холбооноос 2013 онд амжилттай зохион байгуулсан “Монголын андерграунд” кино уралдаан энэ жил нэрээ өөрчлөн, олон улсын шинж чанартай “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадам болон зохиогдож, Монгол уран бүтээлчдийн богино хэмжээний киног долоо хоногийн хугацаатай хүлээж авахад нийт 33 бүтээл ирсэн байна.
Бусаны кино наадмын дээд шагналт, кино найруулагч С.Бямба, “Алтан хальс” холбоог үүсгэн байгуулагчдын нэг, кино найруулагч Ш.Ихбаяр, зураач Ё.Далх-Очир, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, “Гоодаль” сэтгүүлийн эрхлэгч А.Амармэнд гэсэн бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг ажиллаж, эцсийн дүнгээ танилцуулах гэж байна.
“Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” гурван хэсгээс бүрдэнэ. “Албан ёсны толилуулт” хэсэгт бид олон улсын шилдэг авангард, бэсрэг кинонуудыг урилгаар, албан ёсны эрхтэйгээр толилуулна. “Уралдаант” хэсэгт монгол уран бүтээлчдийн бүтээлүүдийг үзэгчдэд хүргэнэ. “Уралдаант бус” хэсэгт “Алтан хальс” холбооны шинэ залуу уран бүтээлчдийн бүтээлээс үзүүлнэ.
Шилдгээр шалгарсан нэг бүтээл “Алтан хальс Гран при” шагнал, нэг сая төгрөг хүртэх бөгөөд мөн “Шилдэг хүүрнэлт кино”, “Шилдэг хүүрнэлт бус кино”, “Шилдэг анимаци”, “Шилдэг видео клип” гэсэн төрлөөр шагнал гардуулах юм.
Монголын кино урлагт цочроо өгөх 33 андерграунд бэсрэг кино, дэлхийн шилдэг богино хэмжээний андерграунд бүтээлүүдтэй танилцуулах “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам”-ын нээлт зургадугаар сарын 21-нд буюу бямба гарагт СУИС-Оюутан театрт 11.00 цагаас болно.