“Нарны жим” олон ангит уран сайхны кино нээлтээ хийлээ
2014 оны 6 сарын 03
Онцгой байдлын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд бүтсэн “Нарны жим” олон ангит уран сайхны кино өчигдөр орой нээлтээ хийлээ.
Уг киног Монгол Улсын Шадар сайд Л.Тэрбишдагвын санаачилгаар гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулан ойлгуулах, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох зорилгоор өнгөрсөн оны долоодугаар сарын дунд үеэс зураг авалтыг нь эхлүүлсэн.
Кино зураг авалтыг Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Төв аймагт хийсэн бөгөөд Онцгой байдлын албаны албан хаагчдын болзошгүй осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлсэд хүчин зүтгэж төр, ард түмнийхээ хүлээлгэсэн итгэл найдварыг нэр төртэй биелүүлж буй албан хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг олон нийтэд сурталчлан таниулахад чиглэгдсэн байна.
Мөн иргэдэд эх орноо хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэхэд тус уран бүтээлийн зорилго оршиж байгаа юм. Уг кино нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн хүрээнд бүтээгдэж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
Кино зохиолчоор М.Наранцогт, ерөнхий найруулагчаар Б.Гантулга, ерөнхий продюсераар Ц.Лхагвадаш нар ажиллаж дүрүүдэд МУГЖ Ш.Дэлгэржаргал, С.Дамдин, А.Төгсбаяр, Т.Баттулга, Ш.Мөнхбаяр, О.Гантулга, Э.Урангоо, Ц.Нямжав, М.Батжаргал, Т.Мөнх-Эрдэнэ /реппер Gee/ нарын 100 гаруй жүжигчин оролцон тоглосон байна.
Зураг авалтын явцад нийслэл, аймаг орон нутгийн онцгой байдлын албад, ажилтанууд сайн дураараа хандив өргөж, сэтгэлийн дэм хайрлан, өөрсдийн өдөр тутмын амьдрал, нандин бас гунигт дурсамжуудыг хадгалж үлдсэн “Нарны жим”-ийг бүтээхэд хувь нэмрээ оруулсан гэдгийг кино бүтээгчдийн зүгээс онцлон дурдсан юм.
Одоогоор 3000 гаруй ажилтан албан хаагчтай ОБЕГ-ын зүгээс кино уран бүтээлийн явцад ихээхэн анхаарч, ерөнхий зөвлөхөөр ОБЕГ-ын бэлтгэл хурдандаа н.Дамдин, С.Цогтбаатар нар ажиллаж, болзошгүй ослын үеийн зураг авалтуудад биечлэн зааварчилгаа өгсөн байна.
“Нарны жим” олон ангит уран сайхны кино нь нийт 50 ангитай бөгөөд долоо хоног бүрийн даваа-баасан гарагт 22:00 цагт үзэгчдэд хүрэх юм. Нээлтийн ёслолд МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж, ажилтан албан хаагчид, гол дүрийн жүжигчдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн. Нээлтийн ажиллагаа МҮОНТ-ийн "Студи-600"-аас шууд дамжуулагдсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3955
0 эможи