Монгол, Швейцарын хамтарсан тоглолт өнөөдөр болно
Монгол Улс, Швейцарийн холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол дахь Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын урлагийн зөвлөлтэй хамтран “Агула” хөгжмийн төслийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж иржээ.
Тус төслийн зохион байгуулагчаар төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, судлаач Н.Жанцанноров, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд захирал Дипак Элмер, Монголын урлагийн зөвлөлийн урлагийн хөтөлбөрийн захирал Б.Номинтуяа болон Швейцар хөгжлийн агентлагийн мэдээлэл харилцааны ахлах ажилтан Б.Соёлмаа нар ажиллаж байгаа юм.
“Агула” гэдэг нь Монгол бичигээр уул гэсэн үг бөгөөд Швейцарийн Алфийн нуруу, Алтайн нурууг дүрслэн хэлжээ. “Агула” төслийн хүрээнд болох Монгол Швейцарийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт тавдугаар сарын 30-ны өдөр буюу өнөөдөр 19.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдах гэж байна.
Дашрамд сонирхуулахад “Агула” төсөл нь ганц тоглолтоор зогсохгүй олон үе шатлалтай ажлуудыг ч мөн багтаасан томоохон төсөл гэнэ. Н.Жанцанноров хөгжмийн зохиолчийн ярьж байгаагаар Швейцар улсаас өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамтарч ажилласан ажлуудаас хамгийн том ажил бол “Агула” төсөл аж.