"Эс хайрлахгүй байхын аргагүй ертөнц" үзэсгэлэн нээлтээ хийнэ

2014 оны 5 сарын 29

Гэрэл зураг сонирхогч Галсангийн Батсүхийн “Эс хайрлахын аргагүй ертөнц”(Wild Kingdom: Impossible Not To Love) үзэсгэлэнгийн нээлт болон “Ан амьтны араншин”(Attitudes of Wild Animals) ба “Шувуудын анир”(Whispers of Birds) ” номын баяр 5 дугаар сарын 31-ны 1200 цагт  “Blue Moon” арт галерейд болно.
 
Өдөр тутмын ажил, амьдралынхаа завгүй урсгалд хөтлөгдсөн хүмүүн бид тансаг сайхан онгон байгаль, жаргал цэнгэлтэй ан амьтан, жигүүртэн шувуудын ертөнцийг тэр болгон анзаардаггүй нь харамсалтай. Тэд хүмүүнтэй адил төрж, ургаж, хагдарч, баясаж, уурлаж, гомдож, дурлаж, эвсэлцэж, үр удмаа өргөн тэтгэдгийг эс анзаарч, эс хайрлаж, эс дээдлэхийн аргагүй ертөнц. Эс дээдэлбэл элэгдэж, устаж мөхөх нь нэн амархан гэдэг нь эдүгээ улам бүр мэдрэгдсээр байна. Энэхүү мэдрэмж нь байгаль дэлхийд хүмүүн болон амьтан,  жигүүртэн зэрэгцэн оршихийн учир начрыг ойлгохын үндэс юм. Энэ үйл явцад өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах эрмэлзэлдээ хөтлөгдөж өнгөрсөн он жилүүдэд хальсанд буулгаж, богцондоо тээсээр яваа бүтээлүүдээсээ Г.Батсүх дээжлэн толиулж байгаа ажээ.

Монгол орныхоо болон Өмнөд Африк, Танзани, Канад, Шинэ Зеланд, Австрали, Хятад, Арабын Нэгдсэн Эмират зэрэг орны ан амьтан, жигүүртэн шувуудын ертөнцийн зарим онцлог зан төрх, сонин араншин, содон агшин бөгөөд өнгө зүсийг тусгаж, байгаль ба цэцэгсийн гайхамшигт дүрсийг харуулсан үзэсгэлэн, номтой 5-р сарын 30-аас 6-р сарын 03-ны хооронд танилцах боломжтой.

Хүүхдийн баярын амралтын өдрүүдэд зориулан зохион байгуулж буй дээрх үзэсгэлэн нь амьтан, жигүүртний ертөнцийн чиглэлээр гэрэл зургийн урлагийн анхны шанг Монголдоо татаж байгаагаараа онцлог юм.  

Мөн дээрх үзэсгэлэн, хоёр боть номоос орох орлогын тодорхой хэсгийг нэн ховордсон Мазаалай баавгайн тухай ойлголтыг эх орондоо болон дэлхийн хэмжээнд сурталчлан таниулах, түүнийг хамгаалах, өсгөх ажлын чухлыг олон нийтэд тайлбарлан ойлгуулах ажилд зарцуулах ажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3720
0 эможи
keyboard_arrow_up