Өсвөрийн мянган шатарчид цуглана
Монголын өсвөрийн шатарчдын клубүүдийн холбоо, "Даньдай" сангаас 1000 шатарчдын баярыг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Баяр энэ сарын 24-ний 11 цагт МҮЭСТО-д зургаа хүртэлх насны хүүхдүүдийн нэг болон хоёр нүүдлийн мад бодох тэмцээнээр эхлэх юм. Үргэлжлээд 8-10 насныхны дунд 2-3 нүүдлийн мад, эцэг эхчүүд, сонирхогчдын дунд мөн тэмцээн зохион байгуулна. Мөн шатартай холбоотой үгийн сүлжээ бөглөх, сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Г.Мөнхбаяр, мөнгөн медальт Ү.Агьбилэг, хүрэл медальт Ү.Үүрийнтуяа нарын өсвөрийн шатарчидтай зэрэг тоглох ажээ. Үүнээс гадна өндөр зэрэглэлтэй шатарчдын блиц тоглолт болон багийн тэмцээн болох аж. Шатарчдын баяраар Монголын шилдэг найман шатарчин дүрсээ харахгүйгээр тоглох шоу тоглолтыг сонирхуулна.