"Play time-2014"-ын бүртгэл энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ
Амьд хөгжим сонирхогчдын “Playtime-2014” наадам ирэх долдугаар сарын 19, 20-нд Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д болно. Энэ удаагийн наадамд 30-35 хамтлаг оролцох бөгөөд наадамд уламжлал ёсоор зочин хамтлагуудаас гадна шинэ залуу хамтлаг, дуучид оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.
Наадмын шалгаруулалтын бүртгэл тавдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
“Амьд” хөгжмийн хамгийн том наадам болох “Playtime” нь амьд хөгжмийн хөгжилд түлхэц үзүүлэх зорилготой учраас шинэ залуу хамтлагт дэмжлэг үзүүлж гаргаж ирж чадваржуулахыг хичээдэг юм. Тиймээс шалгаруулалтын босгыг жилээс жилд өндөржүүлж байгаа учраас шалгуурт тэнцсэн болон урилгаар оролцох хамтлагууд бүрэн хэмжээний тоглолт хийх юм байна.
Энэ жилийн наадмын эргэн тойрон дахь бэлтгэл ажлуудыг эхлүүлсэн байна. Тоглолтын тайз урьд жилийнхтэй адил гол болон жижиг тайзнаас бүтнэ. Наадмын талбайд хөгжим сонирхогчдод зориулсан худалдаа, наймаа, хоолны үйлчилгээ үзүүлэх хүмүүсийг бүртгэж эхэлснээс гадна жижиг тайзан дээр өөрсдийн бүрэн хэмжээний тоглолт тавих хүсэлтэй DJ нарыг ч бүртгэж байгаа ажээ. Энэ жилийн наадмын онцлох мэдээлэл бол “пост рок” урсгалаар тоглодог Японы “Envy” хамтлаг зочин хамтлагаар ирэх юм.