Б.Амарсайхан: Тавдугаар сард "Оскар"-ын дөрвөн удаагийн шагналт найруулагчтай хамтран ажиллана

Өнгөрсөн амралтын өдрүүдэд кинотеатруудад үзэгчдийн дунд нилээдгүй хүлээлт үүсгээд байсан “Үргээлэг 2” кино нээлтээ хийлээ. Тус киноны Гарьдын дүрээр олонд танигдсан жүжигчин Б.Амарсайхантай цөөн хором ярилцлаа.
-"ҮРГЭЭЛЭГ 2"-ЫН ХӨНДӨЖ БУЙ СЭДЭВ НЬ БАЙГАЛИЙН БАЯЛАГ-
-Юуны өмнө шинэ киногоо нээж байгаад танд болон танай багийнханд баяр хүргэе. Энэ удаагийн “Үргээлэг” ямар сэдвийг хөндөж байгаа вэ?
-Маш их баярлалаа. Өнөөдөр бидний хувьд маш том баяр тохиож байна. Үзэгчидтэйгээ “Үргээлэг 2” уран бүтээлээрээ дахин уулзаж байгаадаа маш их баяртай байна. Юуны өмнө “Үргээлэг” гэдэг нэрийн тухай ярих ёстой болов уу. Энэ нэрээрээ бид нэгдүгээр анги дээрээ ч улс, эх оронд маань болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийг үргээж, хөөх гэсэн агуулгыг шингээж өгсөн юм. “Үргээлэг”-ээр дамжуулан нийгэм, хүмүүс ямар нэг зүйлийг бодоосой, ухаараасай гэж хүссэн юм. Бид нийгмийн хүнд сэдвүүдийг маш хурцаар хөндөж тавьдаг. Магадгүй энэ удаагийн “Үргээлэг”-ийг зарим хүмүүс маш хурцаар шүүмжлэх байх гэж би бодож байгаа. Гэхдээ бид л уран бүтээлээрээ дамжуулан энэ сэдвийг ингэж хурцаар, ил тод, хүмүүсийн зүрх сэтгэл рүү хандсан, тийм л шийдлээр хийж өгөхгүй бол зарим үед болдоггүй шүү дээ. “Үргээлэг 2”-ын хөндөж буй сэдэв нь байгалийн баялаг. Мөн л байгаль орчноо хамгаалъя, уул уурхайгаа зөв зохистойгоор ашиглая, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг цэгцлэх ёстой, хуулийн хэрэгжилтийн тал дээр анхаарах ёстой гэдэг ч юм уу. Үлдсэнийг нь киногоо үзээд мэдэх ёстой болов уу. Хүн болгон л өөр өөрсдийнхөөрөө ойлгох байх гэж би бодож байна.
-“Үргээлэг 1” дээр хил дамнаж зураг авалтаа хийсэн байсан. Энэ удаа хаана хаана зураг авалтуудаа хийсэн бэ?
-Хонконг, Бээжинд зураг авалтаа хийсэн.
-Та өөрийнхөө дүрээр нийгэмд юу хэлж, харуулахыг зорьж ажиллав аа?
-Нэгдүгээр анги дээрээ Гарьдын дүрд тоглосныг та бүхэн мэднэ. Гарьд бол гэнэн, сайн найз нөхрийн дүр байсан. Хоёрдугаар ангидаа ч мөн энэ дүр үргэлжлээд цаашаагаа явж байгаа. Хувь хүний дүр учраас үүнийг мэдээж эвдэж болохгүй. Энэ дүрээ гаргахын тулд би маш олон зүйр цэцэн үг бодсон л доо. Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ, инээсэн болгон нөхөр биш гэх мэтээр манай зохиолч, найруулагчдын хүссэн зүйлийг л хийлээ. Шүүмжлэгч нар бичихдээ энэ дүрийг монгол хүмүүсийн занг гаргасан гэж тодорхойлж байсан.
-Тухайлбал?
-Д.Төрмөнх ахын бичсэн шүүмжээр энэ дүр их онгироо, сагсуу байж байгаад доошоо ороод ирэхээрээ хүний газар очоод юу ч чадахгүй болох үедээ уйлаад л “утга”-аа алдаж эхэлдэг. Нэг эхэлсэн зам нь, өөрийнх нь гишгэсэн зам нь буруу байж, шороотой хутгалдсан учраас намаг балчгаас гарч ирж чадахгүй явсаар л байдаг. Харин хоёрдугаар анги дээрээ Гарьд шоронд ороод гарч ирж байгаагаар үргэлжилнэ. Хүн мэдээж хийсэн зүйлийнхээ төлөөсийг үүрэх хэрэгтэй. Мэдээж шоронд ороод гарч ирсэн хүн нийгэмд гарч ирээд байр сууриа олох хэрэгтэй болно. Гэтэл гишгэсэн зам нь ахиад л буруу байсан. Хэлсэн амандаа хүрэх гэж байна гээд алдаж, онодог ийм л залуугийн дүр дээ. Тиймээс би өөрийнхөө дүрээр дамжуулан хэрсүү байгаач ээ, аливаад ултай суурьтай хандаач ээ л гэдэг санааг залуучуудад өгөхийг хүссэн.
-Киноны зураг авалт хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?
-Зураг авалт маань 12 дугаар сарын дундаас хоёрдугаар сарын эхэн хүртэл үргэлжилсэн.
-Энэ удаагийн “Үргээлэг”-ийн багт хэдэн хүн ажилласан бэ?
-Кинонд ойролцоогоор 300 гаруй хүн ажилласан. Хэрвээ олны хэсгийг тооцвол 700 гаруй хүн гэж хэлж болно. Гадна, дотны хүмүүс нилээдгүй ажилласан, үүнд Казакстан, Орос, Хятадаас жүжигчид, мэргэжилтнүүдийг дурьдаж болно. Маш олон хүний хөлс хүч хөдөлмөр орсон кино болсон.
-Таныг Монголын үзэгчид “Холливудын жүжигчин” гэж нэрлэж байна. Одоо шинэ бүтээл дээр ажиллаж байна уу?
-Энэ жил надад төлөвлөсөн гурван төсөл байна. Энэ тавдугаар сард бас нэг гадны кино байгаа. Найм, есдүгээр сард мөн нэг гадны кино байгаа. Гурав дахь нь гадаадын фестивальд зориулсан уран бүтээл юм. Энэ киноны маань бүх зүйл шийдэгдээд энэ жилдээ хийгдэхээр болсон ч миний зав зай, манай багийн хэр хурдтай ажиллахаас шалтгаалж хийгдэх юм. Оливер стөүн /Oliver Stone/ гээд Оскарын дөрвөн удаагийн шагналт найруулагчийн кинонд энэ тавдугаар сард ажиллахаар явах гэж байна.
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН









