Н.Ариундарь: Remix, Vogue Talents-ын хамтарсан уралдаанд би гурван загвар хийсэн
Удахгүй Миланы загварын долоо хоног эхлэнэ. Энэ үеэр Монголын залуу дизайнер Н.Ариундарийн оролцож буй Олон улсын үслэг эдлэлийн загвар зохиох Remix уралдаан 14 дэх удаагийн ялагчаа тодруулна
Олон улсын үслэг эдлэлийн холбооноос зохион байгуулдаг Remix загварын тэмцээнд энэ жил Монгол дизайнер Н.Ариундарь оролцож байна. Залуу загвар зохион бүтээгчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, тэдэнд туршлага олгох зорилготой энэхүү тэмцээн 14 дэх жилдээ болж байгаа ба гурван жилийн өмнөөс Vogue talent-тай хамтран ажиллах болжээ.
Өнгөрсөн жилүүдийн ялагчид Dolce & Gabbana, Louis Vuitton, Balmain гэх зэрэг дэлхийн алдартай брэндүүдтэй хамтран ажилласан бөгөөд үүнд VOGUE talent ихээхэн үүрэгтэй гүйцэтгэжээ. 2015 оны ялагч Туркийн дизайнер Юүсеф Калемын хувьд Италийн VOGUE болон Америкийн Harper`s Bazaar сэтгүүлийн зураг авалтанд загваруудаа оруулж, өөрийгөө олон нийтэд танилцуулж чадсан байна.

Энэхүү тэмцээнд "Ари Наранчимэг" нэрээр АНУ-ыг төлөөлөн оролцож байгаа Н.Ариундарь нь Санфорд Броун коллежид 2011-2015 он суралцаж, фэйшн дизайнер болжээ. Тэрээр Remix тэмцээний эхний шат буюу Хойд Америкийн загварын чиглэлийн сургуулиудын дунд зохиогдсон тэмцээнд цагаан үнэгний арьс, цагаан савхин материалтай гоёлын даашинзны загвараар оролцож, гурван ялагчийн нэг болсон байна. Н.Ариундарь энэхүү загвараа хийх бүтээлч урамаа өөрийн дуртай I Элизабетийн эрин, тэр үеийн хувцас хэрэглэлээс авчээ. Даашинзны мөр болон хормой нь нэлэнхүйдээ үнэгний арьснаас бүтсэн бөгөөд цээжин хэсэг нь цагаан арьсаар хийгдсэн байна. Ерөнхийдөө маш тансаг, ихэмсэг харагдахуйц бүтээл болжээ.
Харин ямар учраас тэмцээнд АНУ-ыг төлөөлж оролцож байгааг асуухад тэрбээр "Би Америкийн иргэн болоогүй, харин энэ олон улсын тэмцээнд оролцох эрх олгох Америкийн тэмцээнд түрүүлсэн юм. Хэрэв Монголд ийм тэмцээн зохиогдож, тэнд би түрүүлсэн бол Монгол орноо төлөөлөх байсан" гэлээ. Тэрээр дөрвөн долоо хоногийн өмнө эцсийн шатанд тэнцсэн гэдгээ мэдсэн байна.

Милан хотын Ветра театрт гуравдугаар сарын 3-нд эцсийн шатны шалгаруултад үлдсэн 12 оролцогчид загвараа танилцуулах бөгөөд энэ үеэр шилдэг оролцогчийг шалгаруулах юм байна. Загвар зохион бүтээгч тус бүр гурван төрлийн загвар толилуулна. Зохион байгуулагчдын зүгээс дизайнеруудыг өөрсдийн загвараа хэвлэлд нийтлэж болохгүй гэдэг дүрэмтэй тул бид тэмцээний дүн гарсны дараа Н.Ариундарийн загваруудыг харах боломжтой юм. Түүнд бүгдээрээ амжилт хүсч, сайн мэдээ ирэхийг тэсэн ядан хүлээцгээе.










