2016 оны хамгийн том найман хүлээлт

2015 оны 12 сарын 25

Монголын анхны IMAX кино театр

Хоёрхон жилийн өмнө IMAX кино театрт кино үзнэ гэдэг нь монголчуудын хувьд мөрөөдөл төдий байлаа. Тэгвэл 2016 онд кино хорхойтнуудын “нар гарах нь”.  Учир нь, Шангри-Ла худалдааны төвд сүндэрлэн босч буй шинэхэн IMAX кино театр хэдхэн сарын дараа ашиглалтанд орох гэж байна. “Нью Тур Сафарис” ХХК /“Өргөө” кино театр/-иас Канадын Торонто хот дахь IMAX корпорацитай байгуулсан гэрээний дагуу Монголд энэ төрлийн хоёр кино театр баригдах аж. IMAX кино театрын давуу тал юу вэ? Хүний хөндлөн харах дундаж талбай ойролцоогоор 180о байдаг. Энгийн кино театрын дэлгэцний харагдах талбай 54о бол IMAX кино театрынх 70о-аас багагүй байдгаараа онцлогтой. IMAX илүү бодит, илүү амьд мэдрэмж төрүүлэхээр айсуй.

WarCraft уран сайхны кино

Warcraft комьпютер тоглоом сонирхогчдынхоо тоогоор дэлхийд дээгүүрт ордог. Ирэх онд уг тоглоомоос сэдэвлэн бүтээсэн WarCraft кино нээлтээ хийнэ. Энэхүү видео тоглоомыг хөгжүүлэгч Blizzard Entertainment-аас кино хийх санааг аль 2006 онд гаргаж Legendary Pictures-тэй гэрээ байгуулсан ч ажил хэрэг бололгүй олон жилийг үджээ. Тэгвэл киноны зураг авалт 2014 онд эхэлсэн байдаг. Найруулагчаар нь Холливудад нэлээд үнэлэгддэг Данкан Жонс ажиллаж, гол дүрүүдийг Травис Фимэл, Бэн Фостер, Тоби Кэбел нар амилуулжээ. Киноны зураг авалт ердөө дөрөвхөн сар үргэлжилсэн бол компьютер графикийн ажилд 20 сарын хугацаа зарцуулсан байна. Энэ оны 11 дүгээр сарын 4-нд тус киноны албан бус трейлерийг цацсан. Трейлер ютүүбт тавигдсан эхний өдрөө л гурван сая гаруй хандалт авсан нь хүлээлт хэр их байгаагийн илэрхийлэл болсон юм. Тиймээс, WarCraft 2016 оны зургадугаар сарын 10-нд нээлтээ хийхээр тоглоомчдын мөрөөдөл биелэх бололтой.

Рио-де-Жанейро олимпийн наадам

Энэ зуны хамгийн том үйл явдал бол наймдугаар сарын 5-21-нд Бразилд зохион байгуулагдах 31 дэх удаагийн Зуны олимп юм. Олимпийг үзэхээр зарим нэг нь Рио-де-Жанейро руу нисч, үлдсэн хэсэг нь цэнхэр дэлгэцээ ширтэн суух цаг удахгүй ирнэ. Ялангуяа монголын баг тамирчдын оролцох спортын төрлүүд бид бүхнийг дэлгэцийн өмнө уяж орхих нь гарцаагүй. Олимпийн эрх аваад буй тамирчдын жагсаалт буудлагын спортын О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, марафон гүйлтийн Б.Сэр-Од, чөлөөт бөхийн С.Батцэцэг, О.Насанбурмаа, Э.Бэхбаяр, Г.Мандахнаран гэхчлэн үргэлжилж байна. Өмнөд Америкт зохиогдож буй анхны олимпийн наадам “Рио-2016”-д энэ жил гольф, регби гэсэн хоёр шинэ төрөл нэмэгджээ.

Евро-2016

Хөлбөмбөгийн фанатуудын хувьд 2016 он “халуухан” жил болох нь. Дөрвөн жилд нэг удаа болдог Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн ирэх оны зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10-ны хооронд Франц улсад зохион байгуулагдана. Өнгөрсөн сард тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд дуусч 24 шигшээгийн нэрс тодорсон билээ. Бага ДАШТ гэж нэрлэгддэг уг тэмцээнд урьд нь 16 орны шигшээ баг оролцдог байсан бол энэ жил анх удаа 24 баг өрсөлдөх гэж буйгаараа онцлог. Арван хоёрдугаар сарын 12-нд Парис хотноо шилдэг 24 багийн сугалаа явагдаж, тоглолтын хуваарь эцсийн байдлаар гарна. Францын Бордо, Сен-Дена, Марсель, Лион, Вильнёв, Ланс, Сент Этьен, Тулуз, Ницца, Парис гэсэн 10 хотод шигшээ тоглолтууд болох бөгөөд тоглолтын хамгийн хямд тасалбар 85 евро, хамгийн үнэтэй нь 895 евро байх аж. Евро 2016-гийн бэлгэ тэмдэг нь 16 номерын хөлбөмбөгийн өмсгөлтэй “Супер Виктор” хүү юм.

Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал

Улаанбаатар хотоос 52 км-ийн зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй шинэ нисэх онгоцны буудал ашиглалтанд орох дөхөж байна. 2016 оны ACEM-ийн хурлын үеэр тус буудлын нисэх зурвасыг ашиглах төлөвлөгөөтэй байгаа бол 2017 оны нэгдүгээр сарын 4-нд албан ёсоор нээхээр төлөвлөжээ. Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал нь жилд 3 сая зорчигч, 22’000 агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай. Үүнээс гадна 3,6 км-ийн урттай 45 м-ийн өргөнтэй онгоц хөөрч буух зурвас, шатахуун цэнэглэх систем, нисэхийн хөдөлгөөний удирдлагын цамхаг, бие даасан ус, дулаан, цахилгаан эрчим хүчний хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж зэрэг дэд бүтцийн асуудлуудыг нэгэн дор шийдэж өгсөн 30 гаруй байгууламжаас бүрдэж байна.

Үлэг гүрвэлийн цэцэрлэг

Монголын хамгийн анхны үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн өмнийн говьд босч байгаа билээ. Даланзадгадад байгуулагдаж буй энэхүү 10 га талбайтай цэцэрлэгт хүрээлэнд 20 гаруй төрлийн үлэг гүрвэлийн хөшөөг бодит хэмжээтэй нь дүйцүүлж бүтээжээ. Тэдгээр хөшөө дуу чимээ гаргаж, хөдөлдөг нь олны сонирхлыг ихээхэн татаж, хүлээлт үүсгээд буй. Мөн цэцэрлэгт хүрээлэнд 30 метрийн диаметртэй, гэрэлтдэг, хөгжмийн хэмнэлээр “бүжиглэдэг” усан оргилуур, хиймэл нуур, тоглоомын талбай, дугуйн зам, спортын талбай гээд дэлхийн жишигт нийцсэн бүтээн байгуулалтууд бий. Өнгөрсөн зун Хөвсгөл аймгийг зорих дотоодын жуулчдын цуваа тасралтгүй хөвөрч, бараг л замын түгжрэл үүссэн. Энэ зуны хувьд дээрх дүр зураг Өмнөговь аймгийн зам дээр давтагдах магадлал өндөрсөж байна. Үлэг гүрвэлийн цэцэрлэгийг 2016 оны зургадугаар сарын 1-нд албан ёсоор нээнэ.

“Байгаль” цомог

2013 оны хамгийн их борлуулалттай цомгоор шалгарсан “Ертөнц”-ийн үргэлжлэл, эх дэлхийг бэлгэдэн ногоон өнгөөр бүтээгдсэн “Байгаль” цомог сонсогчдын гарт хүрэх цаг дөхөж байна. “Брос Рекордс Монголиа” хөгжмийн компани монгол хөгжмийг дэлхийд таниулан сурталчлах зорилгоор “Ертөнц” цуврал хөгжмөө 2009 оноос бүтээж эхэлсэн. Тэдний эхний цомог хөх өнгөтэй гарсан бол удаах нь ногоон, үргэлжлүүлэн улаан, шар, цагаан өнгөтэй цомгууд бүтээгдэх аж. “Байгаль” цомог нэгдүгээр сараас худалдаанд гарах бөгөөд морин хуур, хэл хуур, хобис, ятга, хэц, товшуур, цуур, хархираа, ёочин, хуучир хөгжмийн зэмсгийг тоншуул, ойн сэрчигнээн зэрэг байгалийн дуу чимээтэй хослуулсан 10 аялгуунаас бүрджээ. Уг цомог өмнөхийн нэгэн адил чилл аут төрөлд хамаарах ба хөгжмийн зохиолчоор МУУГЗ Г.Пүрэвдорж, Г.Онон, продюсерээр М.Болд ажиллаж, “Дэлхий” хамтлаг аялгуунуудыг хөгжимдсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27247
0 эможи
keyboard_arrow_up