“Авьяаслаг Монголчууд”-ын нугараач бяцхан охин ГССҮТ-д эмчлүүлж байна

Ням гараг бүр үзэгчдийг байлдан дагуулж байгаа “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг 32-т шалгарч үлдсэн ч өнгөрсөн долоо хоногийн шалгаруулалтаар финалын тоглолтод оролцох боломжгүй болсон “Нарны охид” хамтлагийн талаар таагүй мэдээлэл сонсогдож эхэлсэн.
Учир нь тус шоуны оролцогч Г.Сэлэнгэ тэмцээний өмнөх өдөр оролцогчдыг байрлуулж байгаа байрандаа халуун ус алдаж асгаснаас хамтлагийн хамгийн бага гишүүн, есөн настай уран нугараачийн нуруу түлэгдсэн байна.
Тэмцээн зохион байгуулагчид түлэгдсэн охиныг яаралтай ГССҮТ-д хүргэсэн ч охины арьс хууларч усжсан, цэврүү үүсэн байсан тул тэмцээнд оролцохгүй байхыг эмч нар зөвлөжээ. Гэвч охин өөрийн мөрөөдлийнхөө төлөө тэмцээнийг үргэлжлүүлэн өөрөөсөө жингээр илүү хоёр эгчийгээ нуруун дээрээ гарган нугарах хүнд үзүүлбэрийг үзүүлсэн юм.
Зохион байгуулагчид “Нарны охин хамтлагийнхан Сэлэнгэ рүүгээ буцсан” хэмээн мэдээлсэн ч түлэгдсэн нугараач ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ талаар охины ээжээс тодруулахад “Түлэнхий гэдэг аймшигтай, өвдөлт ихтэй. Тэмцээнээс хасагдсан нь гол биш, есхөн настай охин минь ийм болчхоод хоёр эгчээ түлэнхий нуруун дээрээ гаргаад, тэмцээнийг үргэлжлүүлсэн нь маш их тэвчээр шүү” хэмээн ярьжээ.









