Эмэгтэй хүнээр халамжлуулах гэж авч суудаггүй. Хайрлах гэж хажуудаа байлгадаг

2015 оны 11 сарын 09

Жүжигчин Г.Алтаншагай гэхээр нэг дүр нь санаанд тод буудаг юм. Зузаан ултай хар гутал, ногоон хувцастай тайзан дээр гарч ирээд өөрийгөө “Улсын тэргүүний уран сайханч Алтаншагай” гэж зарладаг даа. Оюутан байхаасаа л олны хайрыг ингэж татсан залуу өдгөө Мөрөөдлийн театрыг толгойлж, тайз, дэлгэцийн олон уран бүтээл туурвиж, олны хүндэтгэл хүлээгээд буй.

Түүнтэй уулзахаар Төмөр замын соёлын ордныг зорив. Г.Алтаншагай өрөөндөө юм бичээд сууж байна. Ханандаа анхны уран бүтээл “Миний нууц хүү”, “Хайртай бол эргэж хар” жүжгийн зургийг өлгөжээ. Энэ жилийн тоглолтын хуваариа гаргасан бололтой, цаасан дээр хар, улаанаар нүдэлж будсан тайлан, нөгөө буланд нь тоглолтын үзүүлбэрүүдээ бичиж, зөв гээд тэмдэг тавьчихаж. Энд тэндгүй тоглолтын хувцас, гадаад, дотоодын сонгодог зохиолууд харагдана. Түүнтэй ярилцаж эхэлмэгц л ямар ч баггүй, яг л байгаагаараа нэгэн болох нь мэдрэгдсэн.

-Орон нутгаар аялан тоглоод ирсэн гэж дууллаа. Сүүлийн үеийн уран бүтээлээсээ ярихгүй юү?
-Малчдын III зөвлөгөөн, “Баялаг бүтээгчдээ дэмжье” төслийнхөнтэй хамт Говь-Алтай, Өвөрхангай аймгийн бүх сумаар яваад ирлээ. Нийгмийн арга хэмжээнд оролцсон гэх үү дээ. Бид уран сайхны шинэ кино хийхээр төлөвлөсөн. Зохиол бэлэн болсон.

-Мөрөөдлийн театрынхны “Ээжийн дайсан”, “Хар сувдны нууц” кино инээдмийнх байсан. Одоо ямар төрлийн кино хийх гэж байна?
-Бас л инээдмийн төрлөөр. 1990-ээд онд байлдан дагуулж байсан нэгэн хамтлагийн тухай өгүүлэх юм. Тарчихсан хамтлагийн залуус эргэн нэгдэж байгааг харуулна.

-УДЭТ-т хэдэн жил ажилласан. “Миний нууц хүү” жүжгийнхээ Хатнаагийн дүрээр “Гэгээн муза”-гаас шилдэг залуу уран бүтээлчийн шагнал авсныг тань уншигчид санаж байгаа байх. Мөрөөдлийн театр тайз, дэлгэцийн хэчнээн уран бүтээл туурвив?
-СУИС төгсөөд УДЭТ-т таван жил орчим ажилласан. Манай багш нар хэлдэг л дээ. Жүжигчин хүн аль ч төрлөөр тоглож, жүжиглэх чадвартай байх ёстой гэж. Аль нэгэнд нь баригдаж болохгүй. Тиймээс л “Мөрөөдлийн театр” байгуулж тусдаа гарсан даа. Бид өдгөө шоу драм гэсэн шинэ төрлөөр уран бүтээлээ туурвиж байгаа. Одоогийн байдлаар дэлгэцийн хоёр, тайзны 20-иод уран бүтээл үзэгчдэд толилуулж, гадаад, дотоодод олон удаа аялан тоглосон.

-УДЭТ-ыг орхисон сонголт тань зөв байсан уу?
-Хүн болгоны сонголт өөр өөр. “Шинэ үе”, “Маск”, “Х ТҮЦ” гээд манай хамтлагийнхан бүгд УДЭТ-аар дамжсан байдаг. Тэнд суурь нь байдаг учраас. Сонголт хийх нь тухайн хүний эрхийн асуудал шүү дээ.

-Залуу, сайн гэсэн уран бүтээлчид драмын урлагийг орхиж, өрх тусгаарлах болжээ. Жүжигчдийг ямар нэгэн шалтгаанаар УДЭТ-ыг орхидог гэж үзэгчид харддаг. Тэндхийн уур амьсгал ямархуу байдаг юм бол?
-УДЭТ төрийн байгууллага учраас тогтмол цалинтай. Харин биеэ даасан хамтлаг, продакшнууд ажилласныхаа хэрээр уран бүтээлээ тэлэх, хөгжүүлэх боломжтой. Би оюутан байхаасаа л хамтлаг байгуулахыг мөрөөддөг байсан.

Тиймдээ ч Мөрөөдлийн театр цаашид уран бүтээлийнхээ сан хөмрөгийг баяжуулсаар байх болно. Хүн хэр их хөдөлмөрлөнө, аз жаргал үүд хаалгаа харамгүй нээдэг гэдэг дээ. Миний хувьд энэ салбарт хүч үзье, юм хийе, бүтээе гэсэн эрмэлзлээр өрх тусгаарласан. Тэрнээс биш Драмын театр болохгүйдээ гарчихсан зүйл байхгүй. Харин тэндээс сурч мэдсэн бүхнээ илүү хөгжүүлэх хэрэгтэй. Нэг хаалга хаагдахад нөгөө нь үргэлж нээгддэг гэдэг дээ.

-Сонгодог жүжиг тавих уу?
-Интернэт маш хурдтай хөгжиж байна. Дэлхийн сонгодог бүтээл, мьюзикл, кинонуудын нээлтийг олон оронд зэрэг хийж байна. Манайх хүн ам цөөн, зах зээл багатай, жижигхэн гээд хойш сууж болохгүй. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж, адилхан сэтгэж урагшлах ёстой. Үзэгчид ч үүнийг дагаад уран бүтээлчдээс их юм шаардах болж. Үзэгчдийг хүчээр ирүүлэх бус сонголт хийх боломжийг нь олгох чухал. Хамгийн сүүлд “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” нэртэй хошин урлагийн тоглолт хийсэн.

Бид шоу драм, драмын жүжиг, хошин урлаг гэх мэтчлэн ээлжилж тоглодог. Оросын алдарт зохиолч Вампиловын “Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн “Миний нууц хүү”, Ш.Гүрбазар ахын “Хайртай бол эргэж хараарай”-г тоглож байлаа. Цаашдаа сонгодог жүжиг тавихаар судалж байна.

-Тайз, дэлгэцийн бүтээлийн алинд тоглох дуртай вэ?
-“Кино бол лаазалсан бүтээгдэхүүн” гэж Оросын нэгэн алдарт жүжигчин хэлсэн байдаг. Дүр нь хальсан дээр үлддэг учраас алдаа гаргах эрхгүй. Харин жүжиг бол амьд урлаг. Тиймээс ямар ч жүжигчний туйлын мөрөөдөл нь тайзан дээр тоглох байх. Үзэгчидтэйгээ шууд харилцдаг учраас гайхалтай мэдрэмж авдаг. Миний хувьд инээдмийн төрөлд тоглох илүү сонирхолтой. Хүмүүсийг инээлгэж, баясгана гэдэг буянтай ажил шүү. Тэднээс ирдэг сайхан энерги нь надад мэдрэгддэг юм. Уран бүтээлч хүн аль алиныг нь цалгардуулахгүй байх ёстой гэж боддог учраас кинонд ч тоглох дуртай.

-“Хар сувдны нууц” хэчнээн төгрөгөөр бүтсэн бэ. Зардлаа нөхөж чадсан уу?
-Анх хийхдээ л Вьетнамд гаргахаар төлөвлөсөн байсан. Одоо ч хөөцөлдөж байна. Нийт 300 орчим сая төгрөгөөр боссон. Зургийг нь гадаадад авсан учраас зардал их гарсан. Монголоос энэ хэмжээний мөнгө олно гэдэг хэцүү. Тэгээд ч аливаа уран бүтээл хийхдээ ашиг олно гэж хардаггүй. Сүүлийн үед маш олон кино нээлтээ хийж, энэ салбарт өрсөлдөөн бий болж, чанар нь ч дагаад сайжирч байна. Нэг үе ашиг олох гэж кино бүтээдэг байсан бол одоо уран бүтээлчдийн сэтгэхүй шал өөр болсон.

-Хоёулаа уран бүтээлээ түр хойш тавиад хувь хүн талаар ярилцъя. Бага насаа хаана өнгөрүүлсэн бэ?
-Би олон нутагтай хүн шүү. Хэнтий аймгийн уугуул. Хүүхэд насаа Хэнтийн Батноров, Норовлин, Бэрхэд өнгөрүүлсэн. Гэрийнхэн маань ийш тийш их шилжинэ. Хүүхэд байхаасаа л урлаг уран сайханд дуртай байлаа. Чөлөөт цагаараа янз бүрийн дугуйлан, секцэд хамрагддаг, нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан. Сургуулийнхаа шинэ жилээр өвлийн өвгөн, алиалагч гэхчлэн урлагийн бүхий л арга хэмжээнд оролцоно. Зуны амралтаараа хөдөө мал хариулна. Аав маань Норовлин сумын клубт олон жил эрхлэгчээр ажилласан болохоор дагаад бригадуудаар тоглолтоор их явна. Энэ нь намайг урлагийн хүн болоход маш том түлхэц болсон гэж боддог.

-Эмээл, хазаар, ташуур зэрэг үндэснийхээ эд зүйлс цуглуулдаг гэл үү?
-Гэрт маань монгол эр хүнд хэрэгтэй бүхий л зүйл байдаг. Зарим мэдээллийн сайтаар намайг 10 гаруй эмээлтэй гэж дэгсдүүлсэн байсан. Тийм олон эмээлээр би яах билээ (инээв). Өвөг дээдсээс минь уламжилж ирсэн нэг эмээл бий. Айлд байхад маш гоё эд. Халуун дулаан уур амьсгал бүрдүүлдэг юм шиг санагддаг. Хазаар, хөөрөг, ташуур хэд хэд бий. Цуглуулах дуртай. Зундаа адууныхаа захад явж байхад гоё амралт болдог шүү.

-Нууц биш бол хэчнээн адуутай вэ?
-Хоёр азарга адуу бий. Багануурт хариулдаг. Сүүлийн үед монгол залуус үндэсний өв соёлоо хадгалж, дээл их өмсөж байна. Хөөрөг ч зөрүүлдэг болж.

-Ямар үед таны уур хамгийн их хүрч, тэвчээр алдардаг вэ?
-Аль болох уурлаж, бухимдахгүй байхыг хичээдэг. Заримдаа ажилтай холбоотойгоор бачимдах үе гарна. Жишээлбэл, нэг уран бүтээл хийх гэхээр өөнтөгч улсууд янз бүрээр ярина. Ялангуяа, фэйсбүүк, цахимаар “ухаантан” нь олон болж.

Өөрсдөө юм хийхгүй хэрнээ бусдыгаа чангааж, зулгааж байгаад уур хүрдэг. Иймэрхүү байдлаар уран бүтээлчдэд хандахад тэвчээр алдрах үе гарна аа. Бухимдсан үедээ хүмүүс шиг агаар салхинд гарах, хөгжим сонсох, эсвэл машинаар хурдан давхихгүй (инээв). Баярлаж, гомдохдоо хурдан болоод ч тэр үү нэг мэдэхэд л инээчихсэн явж байдаг.

-Өөрт тохиолдож байсан хөгтэй явдлуудаасаа хуваалцаач?
-Хөгжилтэй явдлууд их болно оо. БНСУ-д “Хайртай бол эргэж хараарай” жүжгээ тоглож байсан юм. Жүжигчин Батаа Дөлгөөнийг барьцаалж, хоолойд нь хутга тулгаад “Наашаа ойртох юм бол аллаа шүү” гэж хэлдэг. Тоглолт эхлэхийн өмнө хэрэглэгдэхүүнүүдээ бэлдэнэ.

Тэр үед хутгаа хөшигний ард тавьчихсан байсныг нэг хүн авчихаад буцааж тавихаа мартчихсан юм билээ. Тэгтэл тоглолтын үеэр Батаа хутгаа хайгаад олохгүй, сандарсандаа Дөлгөөний хоолойг багалзуурдчихсан “Наашаа ойртох юм бол хүзүүг нь мушгилаа шүү” гэж хэлээд жүжгийн тэр хэсгийг өөрчилчихөж билээ. Зодоонтой кинонд гардаг шиг хүзүүг нь эргүүлэх гээд байгаа юм аа. Эхлээд долоовор хуруугаа гозойлгочихоод хүзүү рүү нь чичлээд болдоггүй. Эрхэмээ бид хоёр тэрийг нь харчихаад саваад уначихсан. Үзэгчид нир хийсэн.

-Та бас их гоё дуулдаг. Гэр бүлийнхэн тань ямар хүмүүс байдаг вэ?
-Манай аав, ээж, дүү нар бүгд их авьяастай. Олны танил болж чадаагүй ч урлагт элэгтэй, мэдрэмж өндөртэй хүмүүс шүү. Манай аав их гоё дуулдаг. Бас төрөл бүрийн хөгжим тоглоно. Дүү Ганшагай маань одоо СУИС-ийн дуулаачийн ангид сурч байгаа. Ирэх хавар төгсөнө.

-TV5 телевизийн хөтлөгч, сэтгүүлч Н.Насанжаргалыг таны гэргий гэдгийг уншигчид мэдэх байх. Хөтлөгч Насааг хүмүүс эфирт хэзээ гарах бол гэж харж байна. Одоо юу хийж байгаа вэ?
-Би эхнэр, хоёр хүүтэйгээ амьдардаг. Манай хүн сэтгүүлч мэргэжилтэй. Хөвгүүд маань цэцэрлэгт явдаг учраас Насаа одоохондоо хүүхдүүдээ хараад гэртээ байгаа. Ээжүүдийг хүүхдээ хараад гэрт суухаар хүмүүс ажилгүй мэтээр ярьдаг. Гэтэл хамгийн завгүй ажилтай хүмүүс тэд шүү дээ. Хүүхэд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг хэцүү. Тиймээс эр хүн, гэр бүлийн ноён нуруу учраас үүргээ сайн биелүүлэхийг хичээдэг. Цаг зав гарвал агаар салхинд гарна. Амралтын өдрүүдээр гэр бүлээрээ аав ээж, эмээ өвөөгийнх рүүгээ очдог.

-Та хоёрыг хүмүүс гэнэт суучихсан гэж ярьдаг. Эсвэл өмнөх харилцаагаа нууцалж байсан юм уу?
-Гэнэт суух нь ч хаашаа юм. Таницана, үерхэнэ, нөхөрлөнө. Уулзаад удсан шүү. Бид олны танил, бусдын өмнө амьдарч байгаа учраас үг, үйлдлээ анхаарч, бусдадаа зөв үлгэр үзүүлэх ёстой гэдэг утгаараа нууцалж байсан байх. Зарим хүн олны танил хүмүүсийн гэр бүлийн харилцааг их сонирхдог. Тэдэнд “Бид хоёр үерхэж байгаа” гээд зарлалтай биш. Манай эхнэр маш их хөдөлмөрч. Эмэгтэй хүнд байх ёстой бүхий л сайхан зан чанар бий. Гэр бүлээ авч явах, аав ээжийгээ асрах гээд хатан ухаанд нь татагдсан байх гэж боддог. Ер нь эмэгтэй хүнээр халамжлуулах гэж авч суудаггүй. Хайрлах гэж хажуудаа байлгадаг шүү дээ.

-Таныг амбийцгүй гэж найз нөхөд тань тодорхойлсон. Тэгээд л хэвлэлд ярилцлага өгдөггүй юм уу. Эсвэл сэтгүүлчид таныг “хашраачихсан” хэрэг үү?
-Ер нь сонин хэвлэлээр намайг сайн, муугаар нэг их бичээд байдаггүй шүү. Зарим уран бүтээлч нэлээд бухимдчихсан явж байдаг л юм. Би мөрөөрөө л ажлаа хийх дуртай. Хөдөө өссөн болохоор их эршүүд. Өөрийгөө аль болох завгүй байлгаж, хөдөлмөрч байхыг хичээдэг. Заримдаа ганц нэг ажлын цагийг нь тулгана, хойш тавих үе ч гарна. Нэг их “cool” царайлах нь хаашаа юм. Хүн л болсон хойно алдаа гаргалгүй яах вэ.

-Олон нийтийн газраар явахад хүмүүс тан руу яаж хардаг бол?
-Ойрхон газар алхчихдаг. Гэхдээ голдуу машинаар ажлаа амжуулна даа. Инээдмийн төрлийн уран бүтээлч болохоор хүмүүс над руу дандаа инээсэн харцаар хардаг. Тэр нь надад маш сайхан санагддаг. Уран бүтээлээрээ дамжуулан бусдад аз жаргал бэлэглэх гоё. Манайхан хошин шог, драм гэж зааглаад байдаг. Ялгаагүй л урлагийн тогоонд багтдаг төрөл шүү дээ.

-Хошин урлагийнхны уран бүтээлийн сэдэв хүрээ нь хумигдаад байна гэж хүмүүс шүүмжилдэг л дээ. Танай хамтлаг үзүүлбэрүүдийнхээ санааг хаанаас, хэрхэн олдог вэ?
-Манайхан голдуу гадаад, дотоодын зохиол дээр ажилладаг. Энэ нь амар байдаг. Зарим үзүүлбэрийнхээ санааг амьдралаас олж авна. Хоорондоо ярьж байгаад “босгох” үе ч бий. Амьдрал баялаг шүү дээ. Тиймээс сэдвийн хомсдолд орно гэсэн ойлголт үндсэндээ байхгүй. Алхам тутамд гоё гоё санаанууд гарч ирсээр л байдаг.

-Та дүрүүдээсээ алинд нь хамгийн их хайртай вэ?
-Оюутан байхдаа “Шинэ үе” продакшны тоглолтод оролцож байсан дүр маань байна. “Улсын тэргүүний уран сайханч Алтаншагай” намайг хүмүүст таниулсан болохоор маш их хайртай. Өөрт оногдсон ямар ч дүрээ сайн гаргахыг боддог. Тэрнээс биш ийм дүрд тоглох юмсан гэж бодож байгаагүй. Багш нар маань “Дүр жижигдэнэ гэж байдаггүй” гэж хэлдэг.

-Та залуу үеийнхнээ хараад юу гэж боддог вэ?
-Нэг үеэ бодвол манай залуус хөдөлмөрч, боловсролдоо маш их анхаардаг болжээ. 2000- аад оны үед 30-40 насныхан ажлын голыг нугалж, залуусыг нийгэм даяараа ажилгүй, боловсролгүй гэж чичилдэг байсан. Одоо төрийн болон хувийн хэвшлийн аль ч шатанд залуу боловсон хүчин ажиллаж байна. Холливуд, “Google”, “Тоёота” гээд дэлхийн тэргүүлэгч компаниудад монгол залуус ажиллаж, гайхагдаж байна. Өндөр хөгжилтэй орны залуусаас дутахааргүй мундаг байгаа шүү. Сайхан бахархмаар байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26283
0 эможи
keyboard_arrow_up