“Little Miss World” ОУ-ын тэмцээний шүүгчээр Монгол бүсгүй ажиллана
Монгол улсад бага насны хүүхдүүдийн авьяас билгийг нээж, хөгжүүлэх зорилготой “Бяцхан мисс”, “Бяцхан тод авьяастан”, “Уран жиргээ” зэрэг тэмцээн жилээс жилд өргөжин, амжилттай зохион байгуулагдсаар байгаа. Тэгвэл авьяас чадвараараа үеийнхнээ манлайлсан Монгол хүүхдүүд дэлхийн хэмжээнд өрсөлдөж үүд хаалга нээгдсэн тухай таатай мэдээ байна. Арвантав дахь жилдээ зохиогдсон “Little Miss World” наадамд манай улсын төлөөлөгчид анх удаа оролцоод эх орондоо ганзага дүүрэн ирлээ. Дэлхийн 20 гаруй улс орны бяцхан миссүүд өрсөлдсөн тус наадам Турк улсын Анталия хотод болсон юм.
Наадмын хоёр насны ангилалд оролцогчоо илгээсэн өдрөөс тэмцээний сураг ажгийг сэтгэл догдлон хүлээж байсан олон хүний итгэлийг М.Гэрэлтэх, Б.Одмаа нар талаар болгосонгүй. "Little Miss World" наадмын дүн гарахад 4-6 насны ангилал буюу “Tiny” ангилалд “Үй Цай” дунд сургуулийн сурагч М.Гэрэлтэх “Гранпри” шагнал, эрднийн чулуун шигтгээтэй миссийн титмийн эзэн болсон мэдээ олон хүний сэтгэлийг тэнийлгэв.
Түүнчлэн 9-12 насны ангилалд өрсөлдсөн 93-р сургуулийн сурагч Б.Одмаа “Шилдэг бүжигчин”, “Шилдэг гүнж” ангилалд тэргүүлж хоёр титэмтэй эх орондоо ирлээ.
Эх орныхоо нэрийг өндөрт гаргасан дэлхийн мисс охидыг "Наран" групп хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.
Ирэх онд ч мөн "Little Miss World" наадамд манай улс оролцогчоо илгээнэ. Тус олон улсын наадмын Ерөнхий шүүгч, санаачлагч Наталия Комолево манай улсад албан ёсоор айлчилж, үндэсний наадмын шүүлтэнд оролцох учир дэлхийн наадамд оролцох хүсэлтэй авьяастнууд энэ жилээс бэлтгэлээ базаах хэрэгтэй болж байна.
Дашрамд сонирхуулахад дэлхийд нэр хүндтэй энэ тэмцээнд Монгол улсаас анх удаа төлөөлөгчөө илгээхэд “Гүнжийн дэвтэр”-ийн санаачлагч, UBS телевизийн хөтлөгч Ч.Энхжаргал үнэтэй хувь нэмэр оруулж, монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, шүүгчээр ажилласан. Ч.Энхжаргал ирэх жилүүдийн "Little Miss World" тэмцээний олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд сонгогдож, ажиллах болсон баяртай мэдээг дуулгахад таатай байна.









