Зураач Б.Номин 20 мянган ам.долларын тэтгэлэг хүртлээ
АНУ-ын “The Pollock-Krasner Foundation” сан Монгол зураач Болдын Номинд уран бүтээлчийн тэтгэлэг 20 мянган долларыг олгох болсноо өнгөрсөн долоо хоногт зарлалаа.
Алдарт зураач, абстракт экспрессионизмын гол төлөөлөгч Жэксон Поллок, түүний эхнэр, зураач Ли Краснерын нэрээр нэрлэсэн энэ санг Краснер уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 1985 онд байгуулжээ.
Энэ хугацаанд 76 орны 4000 гаруй уран бүтээлчид нийт 62 сая долларын тэтгэлэг олгосон байна. Энэ жил Монголоос анх удаа уран бүтээлч шалгарлаа. Монгол зургийн чиглэлээр бүтээлээ туурвидаг Б.Номинг нэр дэвшүүлж, санал болгох ажлыг Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбоо, 976 Арт Галерей хамтран гүйцэтгэсэн юм.
Зөвхөн дүрслэх урлагийн төрлөөр, олон жилийн туршид тасралтгүй бүтээл туурвисан уран бүтээлчдэд энэ тэтгэлгийг олгодог. Тэтгэлгийн хугацаа нэг жил бөгөөд зөвхөн уран бүтээлийн үйлстээ зарцуулах ёстой аж.
Зураач Б.Номин Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангийг 2005 онд Ц.Нармандах багшийн урланд төгссөн. Түүний бүтээлүүдийг зэрвэс харвал нүд булаам, “хөөрхөн”. Сайтар ажиглавал олон давхар баг, хавтгайрсан халамж, тансаглалын хөөцөлдөөн, эмх замбараагүй амьдрал, төөрөлдсөн хүмүүсийг олж харна.
Магадгүй тэндээс эргэн тойрноо, заримдаа бас өөрийгөө ч тольдож болох юм. Монгол хүний тухай ойлголт, өдрөөс өдөрт алдагдаж байгаа уламжлал соёлын асуудлууд нь түүний уран бүтээлийн гол сэдэв бөгөөд уламжлалт зургийн аргаар орчин цагийн нийгэм, амьдралын тухай хүүрнэн өгүүлдэг. Бидний сонгон авсан, алхаж буй тэр замын алдаа дутагдлууд, аажим аажмаар алдагдах зан заншил, хоорондоо ялгарах юмгүй болсон улс орнууд, бусдаас нуугдаж, өөрийгөө харуулахаас эмээсэн, багийг илүүд үзсэн хүмүүс Б.Номингийн бүтээлийн дүр болдог.
Тэрбээр ирэх арваннэгдүгээр сард Австралид нээлтээ хийх Ази, Номхон далайн орнуудын орчин үеийн урлагийн наадамд зураач Б.Баатарзориг, Г.Гэрэлхүү, Д.Үүрийнтуяа нарын хамт шалгаран, бүтээлээ толилуулахаар сонгогдсон юм.









