Жүжигчин Амбийг сүүлчийн замд нь үдлээ

2015 оны 3 сарын 04

Монголын хошин урлагийг үндэслэгчдийн нэг, авьяаслаг жүжигчин, Монголын соёлын тэргүүний ажилтан Цэвэгсүрэнгийн Батхуяг буюу Амбий хүнд өвчний улмаас таалал төгслөө.

Тэрээр 1969 оны гуравдугаар сарын 27-нд буюу Дэлхийн театрын өдөр Дорнод аймагт мэндэлсэн бөгөөд “Шинэ үе” продакшнийг үүсгэн байгуулсан анхдагчдын нэг байлаа. Цэвэгсүрэнгийн Батхуяг нь тайз дэлгэцийн бүтээлүүдээрээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхөрсөн чадварлаг жүжигчин байсан юм.

Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Ганхуяг жүжигчин Амбийгийн тухай бичсэн “Амь+бий” нийтлэлдээ “Түүний аав Цэвэгсүрэн гуай Дорнодын театрын тайзыг насаараа гэрэлтүүлсэн гэрэлтүүлэгч ажилтай хүн байлаа. Хөлд орохоосоо л аавынхаа хормойноос зүүгдэж, аавтайгаа хамжиж театрын тайзыг гэрэлтүүлж, нүд, сэтгэл нь гэрлийн цацрагтай цуг жүжигчид дээр тусаж байхаас Амбий өөрөө тайзан дээр бууж, өөрөө гэрэлтэж, өргөн түмнээ гэрэлтүүлэхийн хүслэнд автсан байдаг юм” хэмээх бичжээ.

Ард түмний хайртай жүжигчин байсан тэрбээр хамгийн сүүлд тайзнаа найруулагч Ж.Сэнгэдоржийн найруулга “Хоёр ертөнцийн буудал” жүжигт тоглосон бол дэлгэцнээ “Танхай тээгч”, “Тютю”, “Содура” зэрэг кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээжээ.

Түүний соёл урлагийн ертөнцөд оруулсан хувьд нэмрийг өндрөөр үнэлж төрөөс Монгол Улсын Соёлын тэргүүүний ажилтан  цол тэмдгээр шагнуулж байлаа.

Хошин урлагийн нэрт төлөөлөгч, авьяаслаг жүжигчний гэр бүл, үр хүүхэд, анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18540
0 эможи
keyboard_arrow_up